АЗИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООДЫН ЕРӨНХИЙЛӨГЧДИЙН POLA ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

2021.11.02. БНСУ-ын Барын Холбооноос зохион байгуулж буй “Азийн Хуульчдын Холбоодын Ерөнхийлөгчдийн /POLA/ 31 дэх удаагийн бага хурал” 2021 оны 11-р сарын 02, 03-ны өдрүүдэд онлайнаар болж байгаа бөгөөд БНСУ, БНХАУ, Энэтхэг, Малайз, Тайвань, Сингапур, Бангладеш, Шинэ зеланд, Австрали, Хонгконг, Японы Нэгдсэн Барын холбоо, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчид оролцож байна.

POLA чуулга уулзалтыг нээж БНСУ-ын Барын Холбооны ерөнхийлөгч Jong Yop Lee үг хэлсэн бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ “Өмгөөлөгч үйлчлүүлэгчийн хоорондын нууц” сэдвээр илтгэл тавьж оролцлоо. Энэ удаагийн чуулга уулзалтад оролцож буй Азийн Хуульчдын холбоодын ерөнхийлөгчид Ковид-19 коронавирусийн халдварт цар тахалтай холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар тодорхой сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлгийг хоёр өдрийн турш зохион байгуулахаар болсныг дуулгая.

Сонирхуулахад, Азийн Хуульчдын Холбоодын Ерөнхийлөгчдийн /POLA/ дээд хэмжээний Чуулга уулзалт /”АХХЕДХЧУ”/ нь 1990 онд Ази, Номхон далайн бүсийн орнуудын хуульчдын ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжлийн хариуцлагыг сайжруулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр бүс нутгийн Хуульчдын холбоодын тэргүүлэгч нарын хооронд санал, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулагдсан улс төрөөс ангид, Азийн 23 орны 30 орчим Барын холбоог нэгтгэсэн бие даасан томоохон байгууллага юм. POLA нь бүрэн эрхээ ээлжит хуралдаанаар хэрэгжүүлдэг бөгөөд ээлжит хуралдаан нь жилд нэг удаа аль нэг гишүүн улсад болдог бөгөөд энэ удаагийн чуулга уулзалт нь Ковид-19 цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

2021-11-05T13:08:29+00:00 November 2nd, 2021|