ИЛ ЗАХИДАЛ

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ахмадын хорооны дарга, өмгөөлөгч Я.Нямжавын Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд хаягласан ил захидлыг Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНД

2021.09.02. ИЛ ЗАХИДАЛ

Өмгөөлөх байгууллага бол 93 жилийн түүхтэй, Монгол Улсад хүний эрхийг хамгаалах, нийгэмд хууль, шударга ёсыг тогтоон хэрэгжүүлэх талаар их үүрэг гүйцэтгэж, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн, мэргэшсэн хуульчдыг нэгтгэсэн цорын ганц мэргэжлийн байгууллага билээ.

​Энэ байгууллагын түүхэн хөгжлийн явцад үе үеийн ахмад өмгөөлөгчдийн оруулсан хувь нэмэр их бөгөөд тэд ажил үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг одоо ч төр засгаас үнэлсээр, Өмгөөлөгчдийн Холбоо ч ахмадууддаа хүндэтгэл, анхаарал халамж тавьж, дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэнд Талархалтай байдаг.

​Ахмадын хороо нь Өмгөөлөгчдийн Холбооны салбар нэгж болж 2008 онд байгуулагдаад зохих дүрэм журмын дагуу ажиллаж ирсэн бөгөөд өнөөгийн байдлаар өмгөөлөгчөөр 20-50 жил ажилласан хот, орон нутгийн 55 ахмадууд бүртгэлтэй байна. Ахмадын хорооны төлөөлөгчид 2020.10.20-ны өдөр Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчтэй уулзаж хүндэтгэл үзүүлээд Ахмадын хорооныхоо ажил байдал, бүтэц бүрэлдэхүүний талаар танилцуулж, цаашдын ажлын талаар санал солилцсон билээ. Юуны өмнө Өмгөөлөгчдийн Холбооны бүтэц, зохион байгуулалттай холбогдуулан “Ахмадын хорооны ажиллах журам”-ыг шинэчлэн гаргах мөн “Ахмадын сан”-г Өмгөөлөгчдийн Холбооны дэргэд шинээр байгуулж ажиллах журмыг гарган батлуулж өгөхийг хүссэн.

Ингээд хоёр журмын төслийг боловсруулаад өгсний нэг нь маш удаашралтай 7 дугаар сард Удирдах зөвлөлөөр батлагдсаныг саяхан хүлээж авлаа. Харин “Ахмадын сан”-гийн журмыг батлаагүй нь үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээлтэй, эдийн засгийн дэмжлэгийг Өмгөөлөгчдийн Холбооноос хэрхэн яаж үзүүлэх нь тодорхой бус байна.

Төсөв хөрөнгө батлагдаагүй гэх байдлаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ахмадуудад болон тэдний ар гэрт олгогдох ёстой буцалтгүй тусламж, дэмжлэг олгогдохгүй байгаа нь Өмгөөлөх байгууллагын нэр хүндэд харш, олон ахмадуудын дургүйцэл гайхлыг төрүүлсэн хүнлэг-энэрэнгүй бус ичгэвтэр явдал тохиосон.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд цэл залуугаараа ажилд ороод насан өөд болтлоо ажиллаж, Өмгөөлөгчдийн Холбооны гишүүнчлэлээс Ахмадын хороогоор дамжаад хорвоогийн мөнх бусыг үзүүлэх нь жам, энэ жамыг тойрч гарах хүн байхгүй. Тэгэхээр та нар “Өнгөрсөн рүүгээ гар буугаар буудвал, ирээдүй чам руу их буугаар буудна” гэдэг үгийг сана!

Ахмадын хорооны дарга би үндэслэлгүйгээр тэтгэмж тусламж нэхээгүй.
Их хурлаас хойших хугацаагаар тооцож тогтоосон 2020 оны гишүүнчлэлийн хураамж 87.100 төгрөг, мөн ахмадуудаас хөнгөлөлттэй тогтоож 2021 онд авах жилийн хураамжийн 180.000 төгрөгийг бөөнөөр нь гуравдугаар сард би шаардан төлүүлж, шинээр бүрэлдэн тогтож байгаа Өмгөөлөгчдийн Холбоогоо эдийн засгийн хувьд дэмжсэн.

Гэтэл Удирдах зөвлөлөөс тэтгэмж, тусламжид зориулсан төсөв хөрөнгийг баталж өгөөгүйгээс зовлон, жаргал хосолдог хорвоогийн жамыг умартаж, ахмадуудыг бараг таньж мэдэхгүй аппаратын ажилтнуудаас 10.000-20.000 төгрөг хураан хумсалж өгөх нь зохисгүй байсан бөгөөд харин “Үе үеийн өмгөөлөгчид” фэйсбүүк группийнхэн, ахмадуудын хуримтлал, хандив цугларч бусдад буян хийсэн тул ӨГӨӨМӨР сэтгэлийн дэм үзүүлэн тусламж үзүүлсэн найз нөхөд, өмгөөлөгчид, аппаратын ажилтнууддаа талархал илэрхийлье.

Ер нь Өмгөөлөх байгууллагын үйл ажиллагаанд олон сайхан үнэт зүйл хэвшин тогтсоны нэг нь Ахмад өмгөөлөгчдөө анхаарч, ажил амьдралд нь тусалж дэмжин, эрүүл мэндийн үзлэгт оруулж, зовлон жаргал тохиолдсон үед нь буцалтгүй тэтгэлэг олгож, ар гэрт нь очдог, туслалцаа үзүүлдэг мөн ахмад өмгөөлөгчдийг мэдээ мэдээллээр тасралтгүй хангаж, “Өмгөөлөгч” сэтгүүлийн захиалга хийлгэж өгдөг байсан зэрэг нь шинэ хууль гарахаас олон жилийн өмнөөс тогтмолжсон үйл ажиллагаа байсан нь одоо дурсамжаар солигдон үгүй болохвий гэхээс эмзэглэж байна.

Өмгөөлөгчдийн Холбооны вэб сайтын мэдээ мэдээлэл маш их товч ахмадуудад хүртээмжгүй байгаа атал мэргэжлийн мэдээлэл авдаг “Өмгөөлөгч” сэтгүүлийг “устгах” тухай сонсоод цочирдлоо.
Өмгөөлөх байгууллагын түүхэнд дөрөв дэх удаагаа Өмгөөллийн тухай хууль 2019 онд батлагдан гарснаар Олон улсын жишигт хүрсэн, өмгөөлөгч бидний ажиллах эрх зүйн байдал сайжирлаа хэмээн баяртай хүлээн авснаас хойш нэг жил гаруй болж байна. Өмгөөлөгчдийн Холбооны Их хурал хуралдаж, шинээр Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, бусад нэгжийг сонгосон цагаас хойш ихээхэн итгэл найдвараар Өмгөөлөгчдийн Холбооны бүтэц, зохион байгуулалт ажлын өөрчлөлт, үр дүнг хүлээсээр 11 сар өнгөрлөө.
Уламжлал дээр суурилсан ажлуудыг хуулийн дагуу тодорхой төлөвлөгөө, хуваарилалтаар өөрчлөлт шинэчлэлтээ хийхгүй удаашраад байгаагийн учир шалтгааныг олж тогтоох шаардлагатай болжээ.

Хэдийгээр Ковид-19 цар тахал дэлгэрснээр хөл хорио тогтоогдсон ч албан ажил нь онлайнаар гэр орон, ажлын өрөөнөөсөө хийгдэж байгаа жишгийг яагаад нэвтрүүлж зохион байгуулж болохгүй байгаад гайхал төрж байна.

Ер нь Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн хоорондын хамтын нэгдмэл ажиллагаа хангалтгүй, ажил хариуцах чадвар муу, хариуцлагагүй байгаагаас ажлын ахицгүй удаашралтай Өмгөөлөгчдийн Холбооны гишүүдийнхээ төлөө гэсэн зорилго чиглэлээр ямар ажил хийж байгаа нь мэдрэгдэхгүй байна.

Тухайлбал, нэгэн удаа би Өмгөөлөгчдийн Холбоон дээр очиход томилогдсон ажилтнууд нь өмгөөлөгчдийг сайн танихгүй, Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны ажилтан нь өмгөөлөгч /үл таних/ -өөс тайлбар гаргуулахдаа загнаж, цагдаа дуудна гэх зэргээр далайлган сүрдүүлж байгааг сонсоод гайхаж эмзэглэл төрүүлсэн.

Өөрсдөө соёлтой, ёс зүйтэй байж, өмгөөлөгчидтэй соёлч боловсон, хүнлэг харьцаатайгаар асуудлыг шийдвэрлэх нь “Ажилтнуудын үүрэг” байх ёстой бус уу!
​Миний бие 40 гаруй жил Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгчөөр, Удирдах зөвлөлийн гишүүнээр 9 удаа сонгогдож, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргаар 13 жил, Мэргэжлийн хорооны нарийн бичгийн дарга, Сахилгын хорооны гишүүн зэрэг ажил албыг олон жил хашиж ажилласан. Өмнөх гурван удаагийн хууль боловсруулах, батлуулах, хууль гарсны дараа хэрэгжүүлэх ажиллагаанд гар бие оролцож, үе үеийн удирдлагууд, баг хамт олонтойгоо хамтран гар нийлж хэдхэн сарын дотор 30-40 дүрэм журам боловсруулж гарган мөрдүүлж, өмгөөлөгч нартаа гарын авлага болгон өгч, олон жилийн бүтээлч хөдөлмөрөө зориулж өдий хүртэл сайхан ажиллаж байснаа дурсан санаж, одоогийн Өмгөөлөгчдийн Холбооныхоо ажлын төлөө санаа зовохдоо үзэл бодлоо илэн далангүй илэрхийлэхээр шийдсэн юм.

​Яагаад гэвэл, Өмгөөлөгчдийн Холбооны гол цөм, хамгийн том салбар болох Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга нь одоо хүртэл томилогдохгүй байна. Ахмадын хороо нь бүхий л ажлаа энэ зөвлөлийн үйл ажиллагаатай уялдуулж хамтран явуулдаг тул хэцүү байна.

Мөн Өмгөөлөгчдийн Холбооны бүтэц, зохион байгуулалтыг өдий хүртэл бүрэн хийж чадахгүй, Мэргэшлийн хороог байгуулахдаа эрдэмтдийн төлөөллийг сонгочихоод яагаад өнөөдрийг хүртэл нийт өмгөөлөгч гишүүдийн төлөөллийг сонгохгүй байгаа юм бэ? Удирдах зөвлөлийн хурлаар орсон нэр дэвшигчдийг ямар шалгуураар сонгогдохгүй байгаагийн учир шалтгааныг ил тодоор тодруулвал зохино. Заавал та бүхэнд таалагдаж, гуйж, тодорхой нэг фракцын хамааралтай хүн томилогдох ёстой байж таарахгүй.

Саяхан 21 аймаг дахь салбар зөвлөлийн дарга нарыг томилсон боловч өмгөөллийн үйлчилгээг төв суурин газар орон нутагт өргөжүүлэх ёстой байтал олон жил үйл ажиллагаа явуулсан Налайхын өмгөөлөгчдийн зөвлөлийг татан буулгасан үндэслэл нь тодорхойгүй байна.
Удирдах зөвлөлөөр батлагдсан дүрэм, журмыг өмгөөлөгч нарт шуурхай сурталчлан таниулж мэдээлэхгүй, салбаруудад тараахгүй байгаа нь хачирхалтай.

​Мөрдөх болсон хуулиар тогтоосон болон зөвшөөрөгдсөн байдлаар Өмгөөлөгчдийн Холбооны бүтэц, орон тоог авч үзвэл:
➢ Удирдах зөвлөлийн гишүүн – 20
➢ Ерөнхийлөгч – 1
➢ Дэд ерөнхийлөгч – 1
➢ Өмгөөлөгчдийн Холбооны Ажлын алба – 14
➢ Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын алба – 4
➢ Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн – 11
➢ Хяналтын зөвлөлийн гишүүн – 7
➢ Мэргэшлийн хорооны гишүүн – 9

Ийнхүү одоогийн байдлаар 67 ажилтан ажиллаж байгаа нь Холбооны ажлыг удирдан зохион байгуулж ажиллах бүрэн боломжтой санагдана. Өнгөрсөн 11 сарын хугацаанд ТА НАР Өмгөөлөгчдийн Холбоог “Эзэнгүй айл” жүжиг мэт өнгө зүсгүй байлгалаа.

Иймд Өмгөөлөгчдийн Холбооны Их хурлаас сонгогдсон, өөрсдийнхөө хүсэл эрмэлзлээр нэрээ дэвшүүлж, өмгөөлөгчдийн итгэлийг хүлээсэн Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгч, сонгуультан, ажлын албаны ажилтан Та бүхнээс Өмгөөллийн тухай хуулийг хэрэгжүүлж, Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгчдийн эрх ашгийн төлөө үр дүнтэй, шуурхай, хариуцлагатай ажиллахыг хүсэн хүлээж байна.

Ахмад өмгөөлөгч,
Ахмадын хорооны дарга ​​​​Я.Нямжав

2021-10-20T01:29:42+00:00 October 20th, 2021|