“Өмгөөлөгч” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ

2019.04.10. “Өмгөөлөгч” сэтгүүлийн №28/87/ дугаар хэвлэгдэн гарч, уншигч таны гарт очиж байна. Энэ удаагийн дугаарын “Зочин хоймор”-т Өмгөөллийн “Ананд адвокатс” ХХН-ийн үүсгэн байгуулагч партнер Б.Батзаяа уригдаж, өмгөөлөгчдийн гадаад харилцаа, хуулийн зөвлөх үйлчилгээний олон улсын чиг хандлага, өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийн талаар “Хууль гэдгийг өөрсдөөсөө хол мэт, хүнд хэцүү зүйл гэж бодох биш “Хууль гэдэг нь хайр юм” хэмээн ойлгох хэрэгтэй. Бид тийм эрин үед амьдарч байна” гэсэн сонирхолтой ярилцлага өгчээ.

“Өмгөөлөгч” сэтгүүлийн “Ярилцлага” буланд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, МХХ-ны ерөнхийлөгч Ж.Хунан нарын МҮОНРТ-ийн “De Facto мэтгэлцээн”-ээр “Өмгөөллийн бие даасан зохицуулалт шаардлагатай юу” сэдэвт халз мэтгэлцээнийг уншигчдын хүсэлтээр түүвэрлэн хүргэж байна.

“Онол, практик” буланд нийтлэгдсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн “Арбитрын ажиллагаан дахь шүүхийн оролцоо”, “Мэргэжил нэгт хуульчид” буланд нийтлэгдсэн ОХУ-ын Холбооны Өмгөөлөгчдийн Танхимын ерөнхийлөгч Юрий Сергеевич Пилипенкогийн “Корпоративный юрист” сэтгүүлд өгсөн “Өмгөөлөлд хандах хандлагыг сайжруулах шаардлагатай байна” ярилцлагыг “Өмгөөлөгч” сэтгүүл тус тус онцоллоо.

99 өмгөөлөгчийн “Хөрөг найруулал” номонд нийтлэгдсэн Дорноговь аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ж.Жаргалсайханы “Хун цагаан” хөрөг найрууллыг “Өмгөөлөгч” сэтгүүлээс уншаарай.

“Өмгөөлөгч” сэтгүүл энэ удаагийн дугаараас эхлэн Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Нийслэлийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗЗ” тогтмол булан ажиллуулж эхэлсэн бөгөөд анхны зочноор Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва оролцож, “Улаанбаатар хотод чөлөөт бүс байгуулах боломж бүрдсэн” ярилцлага өглөө.

“Өмгөөлөгч” сэтгүүлтэй тогтмол хамтран ажилладаг Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр, Монголын Нотариатчдын Танхим, Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн зэрэг хуулийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилжээ.

“Өмгөөлөгч” сэтгүүлийн “Хуульчийн индэр” буланд Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн “Хууль гэж юу вэ? нийтлэл, “Санал шийдэл” буланд сэтгүүлч, докторант М.Эрдэнэчимэгийн “Гэрээт харуул хамгаалалтын албаныханд хариуцлага тооцох цаг иржээ” асуудал дэвшүүлсэн нийтлэл, “Гадаад харилцаа, хамтын ажиллагаа” буланд “Жишиг хууль” материалууд тус тус нийтлэгдсэн байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос 2019 оны 05-р сарын 01-нийг хүртэл зарлагдсан “Өмгөөллийн үг” улсын уралдааны удирдамж нийтлэгдсэн тул эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн 2003-2018 онд шүүх хуралдаанд орсон өмгөөллийн үгийг ирүүлж, уралдаанд оролцохыг урьж байна.

“Өмгөөлөгч” сэтгүүлийн 2019 оны захиалга улс орон даяар явагдаж байна. Та бүхэн захиалан уншихыг хүсвэл:

Худалдаа хөгжлийн банк 460 018 575
Хаан банк 503 488 8308 тоот Сэтгүүлийн дансанд бүтэн жилд 6 дугаарын үнэ 42.000 төгрөг тушааж, сэтгүүлээ шууд гар дээрээ хүргүүлэн аваарай.

Утас: 70127491, 88112045, 99768575

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-04-10T08:33:41+00:00 April 10th, 2019|