Номын дээжээс бэлэглэв

2019.04.12. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар болон “Өмгөөлөгч” сэтгүүлийн хамт олонд Орхон аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн өмгөөлөгч Р.Нямцэрэн шинэхэн туурвисан бүтээлийн дээж болох “Борог өвс” өгүүллэг, дурсамж, найруулал багтсан номыг бэлэглэлээ.

Номын өмнөтгөлд Д.Нацагдоржийн шагналт зохиолч, судлаач Ц.Буянзаяа хэлсэн үгэндээ: “Нийгэм хэмээх нь хүн, орон зай, он цаг хэмээх гурвалсан холбоос дээр тогтнодог ээдрээтэй, түвэгтэй, гайхалтай оршихуй юм. Энэхүү “Борог өвс” хэмээх өгүүллэг, дурсамж, найрууллын номыг дэлгэн уншихад хамгийн түрүүнд нэг л зүйл анзаарагдана. Зохиолд гарч буй баатрууд нь туйлын эгэлхэн хэрнээ амьд оршихуйтай хүмүүс. Зохиолууд дахь эгэл жирийн хүмүүсийн дотоод ертөнцийг өгүүлэн бүтээх эгэл сайхан өгүүлэмжүүд нь бүтээн бичиглэх үйлэндээ нэг сэтгэлээр хандсан болохыг нь тодорхой илэрхийлнэ. Энэ бол ном зохиолыг урлан бүтээгчдэд зайлшгүй байх ёстой үнэт чанар юм. Эцэст нь зохиогчийн тухай цухасхан өгүүлэхэд энэхүү номыг зохиогч Р.Нямцэрэн абугай бол Ховд нутгийн хүн. Тэрээр хуульч, өмгөөлөгчийн мэргэжил эзэмшин хүний төлөө, хүний сайн сайхан амьдралын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж, амьдрахын зэрэгцээ бага залуугаасаа утга, уран зохиолын ертөнцөд татагдан шимтэж, хүмүүний тухай өөрийн гэсэн үгийн ертөнцийг бүтээхийг хичээж ирсэн нь туулсан амьдрал, туурвисан бүтээлээс нь тодорхой харагддаг юм” гэж дүгнэсэн байна. Та бүхэн тус номыг худалдан авч уншихыг хүсвэл зохиогчтой нь холбогдож, шимтэн уншаарай.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-04-12T12:28:46+00:00 April 12th, 2019|