Нийслэлийн 152 хороонд өмгөөлөгчид хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө иргэдэд өгнө

2019.05.06. Монголын Өмгөөлөгчдийн Холбоо НИТХ-тай 2019 оны 01-р сарын 23-нд Хамтран ажиллах Санамж бичиг байгуулж, иргэд олон нийтэд хууль эрх зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэхээр болсон билээ. Тус санамж бичгийн хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтарч 05-р сарын 10-ны өдрөөс эхлэн сард 2 удаа Нийслэлийн 152 хороонд иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөөр болж байгаа бөгөөд 2019 оны 05-р сарын 06-ны өдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулагдсан Нээлтийн арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ч.Жадамба, дүүргүүдийн ИТХ-ын болон нийслэлийн 152 хорооны засаг дарга нар, тус арга хэмжээнд оролцох өмгөөлөгчдийн төлөөлөл ирж оролцлоо. Монголын Өмгөөлөгчдийн Холбоо жил бүрийн 05-р сарын 25-нд Өмгөөлөх байгууллага үүсгэн байгуулагдсаны өдрөөр иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн боловч энэ удаа нийслэлийн 9 дүүрэг, 152 хороонд мэргэжлийн өмгөөлөгчид анх удаа байршиж, иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөхөөр болж байгаагаараа онцлогтой.

Нээлтийн арга хэмжээний үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар хэлсэн үгэндээ: “- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил гэдэг нь зөвхөн төрийн байгууллагуудын ажил биш. Төрийн бус байгууллага иргэдийн мөн адил хамтын хүчин чармайлтын үр дүнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаа бодит ажиллагаа болж, гэмт хэрэг зөрчил буурах чиг хандлагатай байдаг. Энэ удаагийн бидний хамтын ажиллагаанд хэд хэдэн онцлог бий. Урьд өмнө бид төвлөрсөн, хүн олон байгаа газар үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажилладаг байсан бол энэ удаа анхан шатны нэгжид нь өөрөөр хэлбэл, алс газарт байгаа нэгжид нь, газар дээр нь мэргэжлийн өмгөөлөгчид хууль зүйн зөвлөгөө өгч байгаа нь онцлогтой. Хоёрдугаарт, зөвхөн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байгаа гэхээсээ илүү шинээр гарч байгаа хууль тогтоомжуудыг таниулах, ойлгуулах, соён гэгээрүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Гуравдугаарт, эрх нь зөрчигдсөн хүмүүст анхан шатны зөвлөгөө өгөх юм. Тэгэхээр энэ удаа зөвхөн нэг удаагийн зөвлөгөө авснаар энэ асуудал шийдэгдчих боломжгүй. Хэрэв эрх нь зөрчигдсөн байвал цаашид ямар процедураар явах бололцоотой байна. Яаж эрхээ хамгаалуулах вэ? Өөрөөр хэлбэл, 103 гэсэн үг. Аливаа хүн бие муудсан тохиолдолд 103-аас анхан шатны зөвлөгөөг авдагтай адилхан. Энэ үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг сэтгүүлч та бүхэн маш өргөн хүрээгээр иргэдэд сурталчилбал иргэдэд үр ашгийг хүртэх учиртай. Санамж бичигт гарын үсэг зурах нэг хэрэг, харин бодит ажил болж байвал үр дүн нь тэгж харагдах юм. Иргэд, олон нийт үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байгаа үйл ажиллагаанаас хоцорчихлоо гэж сандрах хэрэггүй. Сарын төгсгөлөөр ч авч болно. Сарын эхэнд ч авч болно. Энэ нь цаашид үргэлжлээд явбал зам тээврийн бэрхшээл, саад байгаа нөхцөлд заавал хотын төв рүү очиж, өмгөөлөгчөөс зөвлөгөө авч хүндрэл учруулах шаардлагагүй. Хороо болгонд шинээр батлагдсан “Гэрээний загвар”, “Өмгөөлөгч” сэтгүүл, Авилгатай тэмцэх газрын ном товхимлууд гээд ойр зуур хэрэглэх гарын материалуудыг үзэж, ашиглах бүрэн бололцоотой. Өнөөдрийн байдлаар нийт 9 дүүргийн 152 хороо тэр дундаа алслагдсан дүүргүүд болох Налайх, Багануур, Багахангайн тамгын газарт зохион байгуулах бөгөөд тэнд ажиллах өмгөөлөгчдийг томилчихсон байгааг дуулгая. Энэ бол зөвхөн зөвлөгөө гэж ойлгоорой. Харин цаашид эрхээ хамгаалуулахаар цагдаа, прокурорт өргөдөл гаргах шаардлагатай бол мэргэжлийн өмгөөлөгчдөөс сонгоод авч болно. Ер нь Өмгөөллийн тухай хуулийн төсөлд зорилтот бүлэг болон эмзэг бүлгийнхэнд өмгөөлөгчид эрх зүйн туслалцаа өгөх үүрэгтэй гэж оруулсан тохиолдолд өмгөөлөгчид жилд 1-ээс доошгүй иргэнд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжтой болно. Гэхдээ Өмгөөлөгчдийн Холбооны цаашдын үйл ажиллагаа ялангуяа зорилтот болон эмзэг бүлгийхэнд зөвлөгөө өгөх үүрэгтэй гэж бид ойлгож байна. Яагаад гэвэл, энэ бүлэг бол нийгмийн хамгийн эмзэг, хамгийн хүнд байдалтай амьдарч байдаг гэдэг утгаараа нэг эмзэг бүлгийн хүнд зөвлөгөө өгснөөрөө өмгөөлөгч ядуурчихгүй. Аль ч нийгэмд амьдарч байгаа хуульчид дунд нийгэмд хүлээсэн үүрэг гэж бий. Хуульчлагдсан ч бай, хуульчлагдаагүй ч бай хүнийхээ хувьд ийм үүрэг хүлээх ёстой. Манайд нийт 1500-аад өмгөөлөгч харьяалалтай байдаг. Хөдөө орон нутагт 200-аад өмгөөлөгч бий. Бид сар болгон явуулсан зөвлөгөөний бүх материалыг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд тайлагнаж, асуудлыг олж харах боломжтой” гэлээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба: “- Хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллагын нэг нь тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал байдаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс олон ажил төлөөлж хэрэгжүүлдгийн нэг нь төрийн бус байгууллагуудтай хамтарч иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажил байдаг. Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой өнгөрсөн 1 дүгээр сард Хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар нийслэлийн бүх дүүрэг, хороод дээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгчдийг ажиллуулж, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгүүлэх ажлыг хамтарч хийе гэдгийг тохиролцсон. Үүний дагуу өмгөөлөгчид нийслэлийн 152 хороонд тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллаж, иргэдэд хууль эрх зүйн мэдээлэл олгох, хууль сурталчлах ажил хийх юм. Хоёрдугаарт, иргэдэд зөвлөмж мэдээлэл өгч, иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах бололцоотой. Гуравдугаарт, шаардлагатай бүлэг хүмүүст чиглэсэн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах гэсэн 3 чиглэлээр ажиллана. Энэ ажиллагааг НИТХ-тай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Төсөв мөнгөний тухай гэвэл өргөн хүрээнд арга хэмжээ явуулж, олон хүн хамрагдах учраас тодорхой хэмжээний үйл ажиллагааны зардал гарах нь мэдээж. Иймэрхүү зардлыг НГХУСАЗЗ-өөс гаргана. Яг иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч буй өмгөөлөгчид ямар нэгэн хөлс, төлбөр төлөхгүйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд, хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд энэ ажлыг зохион байгуулахаар болсныг мэдэгдье. Эхний ээлжинд өмгөөлөгчдийн хувьд өдөр болгон суугаад иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх боломжгүй. Тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллана. Иргэд хороод дээрээ очоод өмгөөлөгчдийн ажиллах хуваарийг аваад очиж, хууль зүйн туслалцаа авах боломжтой. Хоёрдугаарт, өөрийн биеэр хамрагдах боломжгүй тохиолдолд тухайн хороогоор дамжуулаад санал хүсэлт авах хайрцаг ч юм уу, тодорхой мэдээллийг хорооны ажилтнаар дамжуулж, тухайн өмгөөлөгчдөөс хууль зүйн зөвлөгөө авах боломжтой. Ямар ч байсан 2019 оныг дуустал энэ ажлыг бид харж, үйл ажиллагааг дүгнэж үзнэ. Үнэхээр ач холбогдолтой, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд ахиц дэвшил гарвал цаашид үргэлжлүүлж явуулна. Яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах, эрх зүйн аль салбараар мэдээлэл, зөвлөгөө өгөх талаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Иргэд та бүхэн өөрсдийн харьяа дүүрэг, хороодоор дамжуулан хүлээн авч, цагийн хуваарийн дагуу ирж үйлчлүүлэх боломжтойг дуулгая.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-05-07T10:37:19+00:00 May 7th, 2019|