ILAW.MN дижитал болон автоматжуулалт үйлчилгээний танилцуулга болов

 

2019.05.29. МУИС-ийн Шинэ номын сангийн хурлын танхимд Өмгөөллийн “Заяа энд Золоо” ХХН-ийн зүгээс iLaw.mn платформ үйлчилгээг Монгол улсад анх удаа нэвтрүүлэх үйл ажиллагааг танилцуулах нээлтийн арга хэмжээ боллоо. Энэхүү Legaltech буюу хиймэл оюун ухаанд суурилсан платформ технологи нь хууль зүйн салбарын бүх мэдлэг мэдээлэл, үйлчилгээг программ хангамж ашиглан хэрэглэгчдэд хүргэх бөгөөд иргэд, үйлчлүүлэгчдийн хувьд мэргэжлийн өмгөөлөгчдөөс бүх төрлийн хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг текст-аудио-видео хэлбэрээр үнэ төлбөргүй олж авах, хууль-эрх зүйн бичиг баримтыг худалдаж авахаас гадна хуульч-өмгөөлөгч, их дээд сургуулийн багш, оюутнууд хүртэл өөрсдийн мэдээллийн баазыг платформд байршуулж, хэрэглэгчдэд худалдах боломжийг нээж өгөх юм.

Өмгөөллийн “Заяа энд Золоо” ХХН-ийн захирал Г.Батзаяа хэлсэн үгэндээ: “- Мэдээллийн технологид суурилсан хууль зүйн цогц үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг ухаалаг платформ гэж нэрлэж байна. 2018 онд манай нөхөрлөл Германы Франкфуртын “Алтан цом”-ыг хүртсэн. Бид өнгөрсөн 7 жилийн хугацаанд Facebook, Google, Skype, Youtube-ээр дамжуулан нийт 30.000 гаруй иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн тоо баримт бий. Тэдгээр үйлчилгээнүүдийг нэгтгэж, тус номинацид нэр дэвшин анх удаа шалгарсан. Тус уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс 50 орчим хуулийн фирмийн төлөөллүүд ирсэн. Хууль, эрх зүйн асуудал тулгарахад иргэдийн 36,8% нь хэнд хандаж, ямар туслалцаа авахаа мэдэхгүй байсан гэсэн судалгааны дүн бий. Бидний эхлүүлсэн Legaltech нь хууль зүйн салбарын бүх мэдээлэл, үйлчилгээг технологи болон программ хангамж ашиглан хэрэглэгчдэд хүргэх шийдэл юм. Платформыг ашиглахад маш хялбар, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч интернэттэй орчинд хаанаас ч мэргэжлийн өмгөөлөгчтэй шууд холбогдох боломжтой. Хоёрдугаарт, хуульч болон үйлчлүүлэгчдийг холбосон нэгдсэн сан бүрдэх бөгөөд үүнийг авч явах хүмүүс нь мэргэжлийн өмгөөлөгчид байх юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч, өмгөөлөгч хоёрыг хооронд нь холбож өгнө гэсэн үг. Өмгөөлөгчид заавал ажлын байр гэхгүй, байнгын оффис шаардлагагүй болж байгаа юм. Ийнхүү өмгөөлөгчид платформд нэгдсэнээр үйлчлүүлэгчиддээ гэрээсээ ч хууль зүйн зөвлөгөө, туслалцааг үзүүлж болно” гэсэн юм.

Тус үйл ажиллагааны хүндэт зочноор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар уригдан оролцож, шинэ технологийн ажлыг хийж хэрэгжүүлж буй багийнханд хандаж хэлсэн үгэндээ: “- Ирээдүйн өмгөөллийн үйлчилгээ, үйлчлүүлэгчтэй харьцах харилцаа энэ чиглэлд л явна. Магадгүй бид 10-аад жилийн дараа үйлчлүүлэгчтэйгээ уулзахдаа интернэт ашиглаад, цахим ертөнцөөр харилцах чиглэл рүү явж байгаатай та бүхэн санал нийлэх байх. Г.Батзаяа захирал болон түүний хамт олон алсыг харж, том алхаж байгаа юм байна. Нөгөө талаараа энэ салбартаа анхдагч нь болох болов уу? Олон хүнийг хамруулж, нийтийг уриалж энэ үйлчилгээг нэвтрүүлэх зориг гаргаж байгаа нь их чухал юм. Энэ платформ үйлчилгээ бол ялангуяа залуу хуульчдад туйлаас чухал. Хаашаа явж байгаагаа, юу хийхээ мэдэхгүй байгаа залуучуудад, шинэ өмгөөлөгчдөд, нийт өмгөөлөгчдөд зайлшгүй хэрэгтэй зүйл юм. Мөн ажлын байр олж чадаагүй, шүүх хуралд 1-2 удаа ороод явж байгаа, дэмжлэг авч чадахгүй байгаа олон хуульчид байна. Тиймээс энэ үйлчилгээ маш чухал ажил болжээ гэж бодож байна. 1928 оны 05-р сарын 25-нд Монгол улсад “Шүүн таслах тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэм”-ийг Улсын бага хурлын 70 дугаар тогтоолоор баталсан байдаг. Тэр дүрмийг судалж үзэхэд бүлгэм дотор нэг утас байрлуулж, өдөр болгон нэг хүн жижүүрлэж ажилладаг байжээ. Одоогийн 103 түргэн тусламжийн утас шиг. Ямар нэг зүйл тохиолдвол тэндээс утасдаад зөвлөгөө, чиглэл аваад явдаг. Тэр үед бас өнөөдрийн энэ чиглэл байсан юм байна гэж би бодож суулаа. Энэ үйлчилгээнийхээ талаар албан ёсоор нийт өмгөөлөгчдөд мэдээлэл хүргэх ажилд Монголын Өмгөөлөгчдийн Холбоо 100% та бүхнийг дэмжиж ажиллана, өмгөөлөгчдөд энэ үйлчилгээг хүргэхийн төлөө бидний ажлын чиг үүрэгт орлоо гэж ойлгож байна. Энэ үйл ажиллагаа ирээдүйд хүн бүр эрүүл мэнддээ анхаардаг шиг чухал хэрэгцээтэй зүйл болох болов уу? Иргэдийн авахыг хүссэн хамгийн хэрэгцээтэй ямар мэдээлэл байна вэ гэсэн судалгааг нийслэл, орон нутгийн хэмжээнд явуулахад нийт иргэдийн 40,7% нь хууль, эрх зүйн мэдээлэл нэн шаардлагатай гэсэн дүн гарчээ. Тэгэхээр энэ хууль, эрх зүйн мэдээлэл хүн бүрд зайлшгүй хэрэгтэй байна гэдэг нь нотлогдож байна. Ингээд танай хамт олонд эхэлсэн ажлыг жинхэнэ бодит ажил болгож, олон хуульчдад, үйлчлүүлэгчдэд буян болоорой гэж ерөөе” гэв.

iLaw.mn шинэ дижитал, дэвшилтэт, хялбаршуулсан үйлчилгээ нь 2019 оны 06-р сарын 21-нд албан ёсоор үйл ажиллагааг эхлүүлж иргэдийн өдөр тутмын хэрэглээ болгох бөгөөд эхний 100 өмгөөлөгчийг энэхүү платформд нэмж бүртгэл хийгдэнэ. Манайд анх удаа нэвтрүүлж буй шинэлэг платформын үр нөлөө, дэвшилтэт шинэ үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Өмгөөлөгч” сэтгүүлээс хүлээн авч уншаарай.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
Өмгөөлөгч сэтгүүл

 

2019-05-29T13:34:36+00:00 May 29th, 2019|