УУЛЗАЛТ ХИЙВ

2019.05.30. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар,  Удирдах зөвлөлийн гишүүн Д.Цэндсүрэн, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ч.Жадамба нар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнтэй уулзалт хийж, харилцан санал солилцлоо. Уулзалтын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар хэлсэн үгэндээ:“- Шүүх засаглал  нь өмгөөлөгчийн оролцоогүйгээр хэрэгжүүлэх ямар ч боломжгүй гэсэн өнөө цагт шүүх болон өмгөөллийн байгууллагын үйл ажиллагааны үүрэг роль, хамтын ажиллагаа улам өсөн нэмэгдэж байна. Шүүн таслах ажиллагааг тасралтгүй явуулах, үр нөлөөтэй байлгахын тулд Монголын Өмгөөлөгчдийн Холбоо болон шүүхийн тамгын газартай ажил хэргийн уулзалтууд хийхийг санал болгож байна. Нөгөө талаар шинээр мөрдөж буй хуулиудын талаар сургалт зохион байгуулах, хэлэлцүүлэг хийх, нэгдсэн нэг ойлголтод хүрэх зэрэг ажил нэлээд байгаа гэж ойлгож байна. Таныг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болсон явдалд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт гишүүдийн нэрийн өмнөөс ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн:“- Та бүхнийг хүндэтгэл үзүүлж, хүрэлцэн ирсэн явдалд баярлалаа. Шүүн таслах ажиллагаа явагдаж байхад цаана нь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ариун үйлсэд өмгөөлөгчид байдаг. Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйлсэд хуульчид бид нэгдмэл байдаг. Хуульчид бидний үйл ажиллагаанаас шалтгаалж нийгмийн толины тусгал болдог. Бид үйл ажиллагаа эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээд, компаниудын зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах зорилготой. Үүний төлөө бид хамтдаа нэг зорилго чиглэлтэй байдаг нь Монгол улсын хөгжлийн нэг чиг хандлага юм. Хууль яаж гарна, хэрхэн яаж хэрэгжих, шийдэл нь ямар байна гэдгээс нийгмийн савалгаа харагдаж байдаг. Хэдийгээр шүүх хуралдаанд талууд өөр өөрсдийн байр суурьтай оролцдог ч бидний гаргаж байгаа шийдвэр нийгэмд эрх зүйн хувьд бүтээмжийг бий болгож байдаг учраас энэ тал дээр түлхүү анхаарч ажиллана. Та бүхэнд ажлын амжилт хүсье” гэж онцолж байв.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар Монгол улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан гаргасан 99 өмгөөлөгчийн “Хөрөг найруулал” ном, “Өмгөөлөгч” сэтгүүлийн шинэхэн дугааруудыг дурсгал болгон өгч, “Өмгөөлөгч” сэтгүүлийн Зочин хойморт ярилцлага өгөх урилгыг хүргүүлсэн байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-05-30T03:20:56+00:00 May 30th, 2019|