“Өмгөөлөгчийн цом-2019” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болов

2019.06.08. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэрэмжит “Өмгөөлөгчийн цом-2019” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн хуулийн төв байгууллагуудын дунд амжилттай зохион байгуулагдаж, аваргуудаа тодрууллаа.

Тэмцээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ахмадын баг, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны баг, “Соёмбо” баг, өмгөөллийн “Монгол Өмгөөлөгч” ХХН-ийн баг, “Mon law and Mergen” баг, Улсын Их Хурлын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Монголын хуульчдын холбоо зэрэг нийт 12 баг тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрт Б.Баатарсайхан ахлагчтай “Соёмбо” баг, дэд байрт Ц.Ганболд ахлагчтай “Монголын хуульчдын холбоо” баг, гутгаар байрт П.Цолмонбаатар ахлагчтай “Монголын Өмгөөлөгчдийн Холбоо” баг тус тус тодорлоо. Шилдэг тоглогчоор спортын мастер, өмгөөлөгч С.Тунбаяр, шилдэг хаалгачаар “Соёмбо” багийн ахлагч, спортын дэд мастер, өмгөөлөгч Б.Баатарсайхан нар тус тус шалгарав. Тэмцээний турш тамирчдын эрүүл мэндийн байдлыг хариуцаж Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн их эмч, ахмад А.Пүрэвдорж ажилласныг дуулгая.

Дашрамд дурдахад хөлбөмбөг бол дэлхийн спорт юм. Тийм ч учраас төр засгаас болон Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан зэрэг үе үеийн удирдлагууд ерөнхий боловсролын сургуулиудыг хөлбөмбөгийн талбайтай болгох ажлыг зохион байгуулж байгаа нь алс ирээдүйг харсан, биеийн тамир спортыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр билээ. Хөлбөмбөг бол багийн спорт. Багийн бүх гишүүдийн хамтын хөлс, хүч, хөдөлмөр байдаг учраас нэг хүн шиг тоглож байж амжилт авчирдаг учиртай. Энэхүү тэмцээнд хуулийн төв байгууллагуудаас баг бүрдүүлж оролцож албан хаагчдынхаа бие бялдар, эрүүл мэндэд санаа тавьж байгаа нь талархууштай байлаа. Цаашдаа олон албан байгууллагууд залуучуудыг дэмжиж тэмцээн уралдаанд оролцуулж байх тал дээр анхаарч ажиллахыг уриалж байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 

2019-06-08T13:24:33+00:00 June 8th, 2019|