ОХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2019.06.27. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдлагууд Монгол улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Хуульчдын холбооны тэргүүн, Москвагийн Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн ректор В.В.Блажееваар ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг 2019.06.25-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар төлөөлөгчдөд хандан үг хэлж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Төлөөлөгчдийг хүлээн авч уулзах бүрэлдэхүүнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Оюунцэцэг, Б.Оюу-Эрдэнэ, Д.Цэндсүрэн, Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан, М.Баасанбат Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ч.Жадамба болон өмгөөлөгчдийн төлөөлөл байлцав.

Айлчлалын бүрэлдэхүүнд Оросын Хуульчдын холбооны тэргүүн, Москвагийн Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн ректор В.В.Блажеев, Оросын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Олон улсын хамтын ажиллагааны комиссын дарга Е.О.Будяков, ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, Цэргийн Ерөнхий прокурор В.Г.Петров,  ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч асан, Дэлхийн прокуроруудын холбооны гишүүн А.Г.Звягинцев, ОХУ-ын Хууль зүйн дэд сайд Д.В.Новак, ОХУ-ын Оюуны өмчийн газрын даргын орлогч Л.Л.Кирий, Дээд шүүхийн Эдийн засгийн хэргийн танхимын шүүгч Е.Е.Борисова болон бусад төлөөлөгчид багтсан юм.

2019.06.26-ны өдөр ОХУ-ын Хуульчдын холбооны зочид төлөөлөгчдийг Чингисийн хүрээ цогцолборт хүлээн авч, Монголын түүхэн уламжлалт ёс заншил, соёл урлаг, бэсрэг наадам зэргийг үзэж сонирхуулснаар айлчлалын хөтөлбөр өндөрлөсөн юм. Уулзалтын үеэр 2018 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд Өмгөөлөгчдийн суурь зарчимд нэгдсэн нь чухал ач холбогдолтой бөгөөд тус суурь зарчмыг боловсруулахад Монголын Өмгөөлөгчдийн Холбоо оролцсоныг дурдаад цаашид Монгол, Орос хоёр улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өмгөөлөгчдийн эрх зүйн байдлыг сайжруулах тал дээр хамтран ажиллаж, хоёр орны хуульчдын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, хууль зүйн байнгын тогтвортой харилцааг бий болгох боломжтойг чухалчиллаа.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-06-27T23:55:12+00:00 June 27th, 2019|