Парисын Барын Холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав

2019.07.23. Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Парисын Барын Холбоотой 2019 оны 7-р сарын 12-нд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ч.Жадамба, Парисын Барын Холбооны ерөнхийлөгч Marie-Aimee Peyron нар үзэглэв. Тус арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Гадаад харилцааны менежер Г.Улаанбаатар, өмгөөлөгч Г.Нандинцэцэг, Д.Амармөнх, “Өмгөөлөгч” сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэг нар байлцлаа.

2012 онд хоёр байгууллага хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байсан бөгөөд энэ удаагийн санамж бичгийн хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгчдийг Франц улсад суралцуулах, сургалт, семинарт хамруулах зэрэг илүү өргөн хүрээнд өндөр хэмжээнд хамтран ажиллахаар болсон нь онцлогтой.

Уулзалтын үеэр Парисын Барын Холбооны ерөнхийлөгч Marie-Aimee Peyron-д Монгол улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн медаль, “Өмгөөлөгч” сэтгүүлийн шинэхэн дугаарын хамт гарын бэлгийг дурсгал болгон өглөө.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-07-23T07:57:25+00:00 July 23rd, 2019|