ТАМИРЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2019.07.26. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх, З.Сүхбаатар, Б.Оюу-Эрдэнэ нар Франц улсын Парис хотноо 2019 оны 7-р сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Олон улсын Барын холбоодын Спортын анхдугаар наадам”-д амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ерөнхийлөгч Б.Ганбаатар нийт баг тамирчид болон хөгжөөн дэмжигчдэд чин сэтгэлийн талархал илэрхийлэн баяр хүргэж, “- Олон улсын Барын холбоодын дунд анх удаа зохион байгуулагдсан спортын наадамд манай өмгөөлөгчид багаараа 4 төрөлд өрсөлдөхөөр шийдэж, тэмцээнд оролцохоор явж байлаа. Тухайн үед энэхүү наадамд оролцож байгаа нь л бидний хувьд чухал байсан. Гэвч зөвхөн оролцоод зогсохгүй Монголын өмгөөлөгчид дэлхийн хэмжээний, олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож, амжилт гаргах боломж асар их байгааг манай тамирчид харуулж чадлаа. Өмгөөлөгчид аливаа зорьсон зүйлдээ бат зогсож чаддаг хүмүүс байдаг. Тиймдээ ч зөвхөн Монголын Өмгөөлөгчдийн Холбоо биш Монголын хуульчдын нэр хүндийг дэлхийн тавцанд өргөсөн явдал боллоо” хэмээн онцолсон юм.

Энэ үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн тушаалаар тэмцээнд оролцсон нийт тамирчдад мөнгөн шагнал, дурсгалын зүйлийг гардуулсан бөгөөд өмгөөлөгч, спортын мастер М.Мөнгөнхүү Биеийн тамир, спортын газрын “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдсаныг гардуулж өглөө. “Олон улсын Барын холбоодын Спортын наадам” нь 2021 онд Грек улсад зохион байгуулагдах бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос 2023 онд Монгол улсад зохион байгуулах санал хүргүүлснийг дуулгахад таатай байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-07-26T01:59:43+00:00 July 26th, 2019|