ӨМӨЗО-ны Хууль зүйн газрын төлөөлөгчид Монголд айлчлав

2019.08.17. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хууль зүйн газар болон Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчид 2019.08.13-17-ны хооронд Монгол улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хууль зүйн газрын дэд дарга Чиао Шин, Тамгын газрын дэд дарга Ян Сиа Жүн, Хуулиар байцаан судлах хэлтсийн дарга Бай Шүе Фэн, Өмгөөлөгчдийн ажлын хэлтсийн дарга Ли Ин Юн, ӨМӨЗО-ны Намын хорооны бүх талаар хуулиар захирах хэлтсийн нарийн бичгийн дарга Ван Шиан Дун, ӨМӨЗО-ны Өмгөөлөгчдийн Холбооны дарга А.Бавуу нар багтсан байна.

Тус айлчлалын зорилго нь БНХАУ-ын Худалдааны яам, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон хамтран 2019.09.06-10-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хот болон Хөххотод нэгэн зэрэг зохион байгуулах “Монгол-Хятадын экспо”-д оролцох урилгыг Монгол улсын Хуулийн байгууллагуудад гардуулахаар хүрэлцэн ирсэн юм. “Бүс ба Зам” санаачилгын хэрэгжилтэд түлхэц үзүүлэх, “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор”ын бүтээн байгуулалтыг түргэтгэх, Монгол, Хятад хоёр улс болон дэлхийн бусад орнууд хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хууль эрх зүй, аялал жуулчлал, соёлын солилцооны үйл ажиллагааг дэмжих зорилготой тус экспо нь “Худалдаа, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн чуулга уулзалт, форум, үзэсгэлэн, соёлын солилцоо” гэсэн 4 үндсэн чиглэлээр зохион байгуулагдах юм.

Энэхүү ажлын хүрээнд ӨМӨЗО-ны төлөөлөгчид Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Гадаад харилцааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан, ХЗДХЯ-ны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч Р.Онончимэг, МХХ-ны ерөнхийлөгч Ж.Хунан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган нартай уулзалт хийж, “Монгол-Хятадын экспо”-д оролцох урилгыг гардуулж өгсөн юм.

Түүнчлэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Оюунцэцэг, Д.Батсүх, Ц.Гансүх, Б.Оюу-Эрдэнэ, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ч.Жадамба нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, харилцан санал солилцов. Уулзалтын үеэр хоёр тал Монгол, Хятад хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн тал дээр хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдаж, цаашид энэ тал дээр харилцан ашигтай, хамтдаа хөгжих боломжийг нээж, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-08-17T05:44:00+00:00 August 17th, 2019|