“Өмгөөлөгч” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ

2019.09.11. “Өмгөөлөгч” сэтгүүлийн №30/89/ дугаарыг Монгол Улсын Их Хурал, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хамтран Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх ТУСГАЙ ДУГААР болгон гаргаж, уншигч таны гарт хүргэж байна.

Энэ удаагийн дугаарт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотой баримт материалуудыг багтааж, эрдэмтэн судлаач, хуульч өмгөөлөгчдийн үзэл бодлыг нэгтгэн гаргаж байгаагаараа онцлогтой.

Сэтгүүлийн эхэнд УИХ-аас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн танилцуулга, үзэл баримтлал, нэмэлт өөрчлөлтийн төсөл, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт болон Монгол улсын ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн нэмэлт, өөрчлөлтийн баримт бичгийг хуульч та бүхэнд гарын авлага болгон нийтэллээ. Түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар 2011 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах УИХ-ын ажлын хэсгийн ахлагч асан, хуульч Ж.Сүхбаатарын “Сайн Үндсэн хууль гэдэг улсын тусгаар тогтнол, оршихуйн үндэс, хүний эрхийг хамгаалах зорилгоор төрийн эрх мэдлийг зохистой, хяналт тэнцэлтэй, хариуцлагатай хуваарилсан төр улсын суурь хуулийг хэлдэг”, Монгол улсын анхны ерөнхийлөгч асан П.Очирбатын “Үндсэн хуулийн “дордохын долоо” гэх өөрчлөлтийг хүчингүй болгосон шийдвэрээ цэц одоо ч хэвээр гэж үздэг”, МУИС-ийн ХЗС-ийн багш, гавьяат хуульч Ц.Сарантуяагийн “Төр Үндсэн хуулийнхаа үнэт зүйлийг хамгаалах үүрэгтэй”, ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Амаржаргалын “Үндсэн хуульд эрх мэдлийн байгууллага нэмэгдвэл хувийн ашиг сонирхол, хуйвалдаан улам даамжирна” зэрэг хуульчдын байр суурийг олж харахаас гадна, бусад эрдэмтэн судлаач, хуульч өмгөөлөгчдийн үзэл бодол, санал дүгнэлтийг унших боломжтой.

“Онол, практик” буланд нийтлэгдсэн Татварын Ерөнхий Газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Б.Болдбаатар, ЕБ-ын “Шинэ монгол” дунд сургуулийн захирал, доктор П.Наранбаяр нарын хамтран бичиж, 2011 онд “МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимид”-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаанд Тэргүүн байр эзэлсэн “Ард нийтийн санал асуулга ба Монгол Улсын Үндсэн хууль” бүтээлийг “Өмгөөлөгч” сэтгүүл онцолж байна.

“Өмгөөлөгч” сэтгүүлийн 2019 оны захиалга улс орон даяар явагдаж байна. Та бүхэн захиалан уншихыг хүсвэл:

Худалдаа хөгжлийн банк 460 018 575
Хаан банк 503 488 8308 тоот

Сэтгүүлийн дансанд бүтэн жилд 6 дугаарын үнэ 42.000 төгрөг тушааж, сэтгүүлээ шууд гар дээрээ хүргүүлэн аваарай.

Утас: 70127491, 88112045, 99768575

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
“Өмгөөлөгч” сэтгүүл

 

2019-09-11T12:05:27+00:00 September 11th, 2019|