“Монгол, Хятадын хууль зүйн форум” болов

2019.09.13. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотод 2019.09.05-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан 3 дахь удаагийн “Монгол-Хятадын экспо”-д ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Оюу-Эрдэнэ, хяналтын зөвлөлийн гишүүн М.Баасанбат, Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Р.Цэрэнханд, Хэнтий аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Д.Ганхуяг, Өвөрхангай аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Б.Батсайхан, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Л.Баярт, Н.Одонтуяа, Б.Гомбодорж, Ц.Энхцэнгэл, “Өмгөөлөгч” сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэг, сэтгүүлч З.Өлзийдарь нар болон МХХ, Монголын нотариатчдын танхим, ХЗҮХүрээлэн, МУИС-ХЗС, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар зэрэг хуулийн төв байгууллагуудын 30 гаруй төлөөлөгч амжилттай оролцлоо.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газар, Өмгөөлөгчдийн Холбооноос “Монгол, Хятад хоёр орны худалдаа, эдийн засгийн салбар дахь хууль зүйн үйлчилгээний хамтын ажиллагааны форум”-ыг анх удаа зохион байгуулсан бөгөөд форумыг нээж ӨМӨЗО-ны Хууль зүйн танхимын дарга, доктор Би Лифү, Хууль зүйн танхимын дэд дарга Чиао Шин, ӨМӨЗО-ны Засгийн газрын дэд тэргүүлэгч Ма Шүежүн, БНХАУ-ын ХЗЯ-ны Өмгөөллийн ажлын газрын дарга, доктор Жү Юаншэн нар үг хэлэв.

Форумын үеэр Монголын талаас ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Монголын бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, цаашдын төлөв”, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар “Өмгөөллийн үйлчилгээний зах зээлийн ажиглалт болон хөгжлийн чиглэл”, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, доктор Т.Мэндсайхан “Монгол улсын шүүх, арбитраар БНХАУ-ын хувь этгээдэд холбогдох арилжааны маргааныг шийдвэрлэж буй байдал, тулгамдсан асуудал”, ХЗҮХ-ийн Хууль зүйн сургалт, мэдээлэл сурталчилгааны төвийн дарга А.Түвшинтулга “Монгол улсын бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр ба иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн ажил, үйлчилгээ”, өмгөөлөгч Ч.Отгонбаатар “Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн хууль хяналтын тухай” зэрэг сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн юм.

“Монгол-Хятадын экспо” нь 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд Монгол-Хятадын хууль зүйн хамтын ажиллагааны форумыг анх удаа зохион байгуулж, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудалд тулгарч буй асуудлуудыг нээлттэй харилцан ярилцаж, хууль, эрх зүйн тал дээр цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллахаар хоёр орны хуульчид санал солилцож, энэ удаагийн форум амжилттай өндөрлөв.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2019-09-13T03:38:39+00:00 September 13th, 2019|