ӨМГӨӨЛЛИЙН ҮГ

Өмгөөлөгчдийн байгууллагын 90 жилийн ойд зориулсан “Өмгөөллийн үг” улсын уралдааны Тэргүүн байрын шагналт, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Бадамдоогийн ГАНБОЛД

Шүүх гэм буруугүй нэг хүнийг шийтгэснээс

гэм буруутай арван хүнийг цагаатгасан нь дээр

ӨМГӨӨЛЛИЙН ҮГ

Удиртгал: Та бүхний энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгаж, өмгөөллийн үгээ хэлье. Өнөөдрийн шүүх хуралдаанд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Ганболд миний бие шүүгдэгч “Т”-гийн өмгөөлөгчөөр түүний хүсэлтийн дагуу оролцож байна.

Өмгөөлөгчийн байр суурь, хэргийн онол: Юуны өмнө миний үйлчлүүлэгч огт “гэм буруугүй” болохыг онцлон хэлэхийг хүсэж байна. Иймд шүүгдэгчийг цагаатгах байр суурьтайгаар энэхүү шүүх хуралдаанд оролцож, улсын яллагчийн яллах дүгнэлтийг бүхэлд нь бүрэн няцаах замаар өмгөөлөх үйл ажиллагаагаа явуулна.

Хэргийн зүйлчлэл ба хууль хэрэглээ: Улсын яллагч Эрүүгийн хуулийг буруу ойлгон хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, “Т”-гийн гаргасан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан гэмт хэрэг биш юм. Улсын яллагч түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйл буюу бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах гэсэн “ерөнхий” хэм хэмжээгээр зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэдийгээр шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр санаа сэтгэл нь хүчтэй цочрон “давчдаагүй” хэмээн дүгнэлт гарсан боловч хэргийн “бодит” фактаас үзвэл шүүгдэгч гэнэтийн цочролд орсон нь хөдөлшгүй үнэн юм. Нөгөө талаар санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах гэдэг нь шүүхийн сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог клиник – эмнэлгийн ойлголт биш харин хууль зүйн ойлголт болно. Иймд шүүх хуралдааны мэтгэлцэх зарчмын үндсэн дээр тогтоох ёстой хэмээн үзэж, энэ агуулгаар өмгөөллийн үйл ажиллагааг голлон явуулж байгаагаа илэрхийлье.

Миний үйлчлүүлэгчийн гаргасан үйлдэл бол одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл огтоос биш. Харин санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан “одоогийн эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж огтоос заагдаагүй” үйлдэл. Эрүүгийн эрх зүйн өрсөлдөгч хэм хэмжээний үүднээс авч үзвэл, шүүгдэгчийн үйлдэл аргагүй хамгаалалт уу, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас хийсэн үйлдэл үү гэдэг дээр шүүх эцэслэн хариу өгөх байх. Ингэх гэж л энэ шүүх хуралдаан болж байгаа.

Миний хувьд одоогийн байр суурь маань өөрийн үйлчлүүлэгчийн үйлдлийг гэмт хэрэг гэж эрүүгийн хуульд заагаагүй хэмээн үзэж байна. Одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд “хүний биед хүнд гэмтэл учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг ерөнхий заасан болохоос биш тусгайлсан хэм хэмжээг агуулаагүй. Иймд санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас хүний биед хүнд гэмтэл учруулсан үйлдэл 96-р зүйлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах үйлдэл нь одоогийн дагаж мөрдөж буй 2002 оны Эрүүгийн хуулиар /96-р зүйлээр/ гэмт хэрэгт тооцогдоогүй байна. 1987.07.01-ний өдрийн Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах” үйлдлийг гэмт хэрэгт тооцож байсныг 2002.01.03-ны өдрийн Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохоо больсон билээ. Энэ талаар Монгол Улсын Эрүүгийн шинэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай Монгол Улсын дээд шүүхийн 2002.07.24-ний өдрийн №264 тоот тайлбарын 1 дэх хэсэгт “1987 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан “санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах” үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй бөгөөд 2002.01.03-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай Монгол Улсын хуулийн 2-р зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж маш тодорхой заажээ. Гэтэл шүүх зөвхөн шүүх сэтгэц, гэм судлалын шинжээчийн бодит бус дүгнэлтийг л үндэслэж, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаагүй хэмээн үзэж, уг үйлдлийг гэмт хэрэг хэмээн зүйлчлэх юм бол шүүхийн шийдвэрийн /ЭБШХ-284.1/ хууль ёсны ба бодит байх шаардлагыг үл хангана.

Ийнхүү Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь хэргийн бодит байдал буюу факт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

     1/. Хохирогч “Б”-ын мэдүүлэг /хх-92-93/. Би “Т”-г цохиж аваад, яаж чамд секс сургадаг юм бэ? гээд бэлэг эрхтэн рүү нь гараа хийсэн. Тэгтэл “Т” намайг түлхээд царай, нүд нь аймаар болсон хүн болчихоод босоод ширээн дээрээс хутга аваад хутгалсан. “Т” биеэ барих чадваргүй байсан. Урьд өмнө нь “Т”-г ийм байдалтай болж байсныг мэдэхгүй, харж байгаагүй, надаас айдаг, миний буруутай үйлдлээс бүх юм болсон.

     2/. Яллагдагч “Т”-гийн мэдүүлэг /хх-91-92/. “Б” намайг унгаагаад л шууд хүрч ирээд бэлэг эрхтэн рүү гараа хийгээд байсан. Тухайн үед цагдаадаа айгаад энэ талаар хэлээгүй. Тэгээд “Б”-ээс айгаад, цочроод, амьсгаа давчдаад босож ирээд хутгалснаа ч мэдээгүй. Надад маш хэцүү байсан. Өөр ямар ч хамгаалах хүнгүй хоёулхнаа гэртээ байсан. Нэг мэдсэн миний нөхрийн биеэс цус гараад, би айж гарч гүйгээд унаа дуудсан. Тухайн үед сэтгэхүйн хэвийн байдал алдагдсан, маш их цочирдсон.

Шинжээчийн дүгнэлт ба байр суурь: Тухайн цаг үед болсон үйл явдлыг Шүүх сэтгэц, гэм судлалын шинжээч эмч яаж мэдэж, хэзээ хойно санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаагүй гэж дүгнэв. Ийм боломж байна гэж үү? Хэрэв байсан бол ямар үндэслэлээр ингэж дүгнэсэн гэдгээ маш тодорхой дүгнэлтэндээ заахгүй яасан юм бол, яагаад ийм болчимгүй дүгнэлт гаргаж хүний эрхийг хохирооход хүргэв. Эмэгтэй хүний бэлэг эрхтэн рүү эр хүний гар хүчээр орж байхад “санаа сэтгэл” тайван амгалан хүлээж авах уу? Ийм доромжлол мэдрэх таатай байх уу? Эр хүн ч гэсэн ялгаагүй бэлэг эрхтэн – шээсний сүв рүү нэг этгээд харандаа хийгээд байвал давчдахгүй байж чадна гэж үү? Энэ бол хэвийн байдаг, хүчтэй цочрол огт өгөхгүй үйлдэл гэж үү? Хүн бүр сэтгэл зүйн хувьд өөр боловч ийм зүйлд маш ихээр цочрон хүлээж авна гэдэгт би итгэл төгс байна. Шүүх сэтгэц, гэм судлалын шинжилгээг хийлгэх үедээ хэргийнхээ үнэн бүх учир байдлыг “Т” зориг гарган хэлж, мөрдөн байцаагчид биш харин эмч хүнд итгэж учирласан, тэр байдлыг /бэлэг эрхтэн рүү гараа хийснээс болсон гэдгийгээ ч ний нуугүй ярьсан байхад/ яагаад анзаарч үзэж, ач холбогдол өгч болоогүй юм бол гэх асуулт үүсэж байгаад асуудлын гол зангилаа оршино. Яагаад гэдэгт би өөрөө хууль болон онол, клиникийн хувьд нь хариу өгье.

Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах нь эмнэлгийн бус хууль зүйн ойлголт. Иймд шинжээчийн дүгнэлтээр бус харин мөрдөн байцаалтын ажиллагаа, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр тогтоогдох ёстой эрүүгийн эрх зүйн ойлголт – категори юм. Ийм атал шүүх энэхүү хууль зүйн ойлголтыг эмнэлгийн дүгнэлтээр авч үзэж, хэргийг шийдвэрлэж хэрхэвч болохгүй. Эмнэлгийн дүгнэлт нь зөвхөн клиникийн асуудалд л хамаардаг ба тусгай мэдлэг шаардагдах хүрээнд яригдана. Гэтэл “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаагүй” гэж гаргасан энэ дүгнэлт нь хууль зүйн ойлголтыг тайлбарлуулахаар гаргуулсан гэсэн утгыг илэрхийлээд зогсохгүй тусгай мэдлэгийн хүрээнээс хальсан нь хачирхалтай.

Жишээ нь: “… хэрэгт холбогдох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг манай шинжилгээгээр тогтоохгүй гэсэн атлаа … хэрэгт холбогдох үедээ энгийн согтолттой байсан байх боломжтой байна” гэж дүгнэжээ. Ингэж өөрт огтоос хамааралгүй асуудлын талаар дүгнэлт гаргаж, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн үед санаа сэтгэл хүчтэй цочрон давчдахгүй мэт болгож буй явдал нь яавч шинжээчийн хувьд зохистой зүйл, нотолгоо биш, харин ч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж, эрүүгийн хуулийг буруу буюу хүндрүүлэн хэрэглэхэд хүргэсэн хэрэг.

Шинжээч томилон, дүгнэлт гаргуулж байгаа нь тусгай мэдлэгийг нь ашиглах, шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэг явдлын үнэн зөвийг олж тогтоох гэсэндээ л туслалцаа авч буй хэрэг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээс шинжлэх ухааны ямар ч үнэр ханхлахгүй байгааг онцлон хэлэхийг хүсэж байна. Харин хачир дээрээ хэрэг явдал яаж болж өнгөрсөн гэдгийг бид сая тэрхүү үйл явдлыг бүтээсэн бодит эздээс сонсож мэдлээ шүү дээ. Үүнээс илүү бодит үнэн гэж хаа ч байхгүй.

Уг нь бол, зүй тогтлын хувьд аль ч улсад, олон улсын хэмжээнд шүүх сэтгэц гэм судлалын шинжилгээг хийхдээ үндсэн 3 зүйлийг тогтоож өгдөг. Үүнд:

  1. Мотивь буюу сэдэлт /ийм үйлдэл хийхэд хүргэсэн өдөөн түлхэлт/,
  2. Аффект буюу давчдалт /ямар хугацаанд, бие, үйлдлээ хийх, хянах чадвар/,
  3. Эмоци буюу сэтгэл хөдлөл яаж илэрч гарсныг нэг бүрчлэн шинжлэх ухаанч арга зүйгээр нарийн тогтоож туршин шалгана. Ядаж л темпераментлэх асуумж ба тестлэх зэрэг. Түүнээс биш тэгсэн байна, ингэж гэж шууд дүгнэн бичиж таадаггүй, үндэслэлээ заавал зааж, хийсэн шинжилгээ, түүний явц, арга зүй, үр дүн, судалсан материал зэргээ тусгасан байж хэмээн сая шаардлага хангадаг.

Энэ хэргийн хувьд шинжээчийн дүгнэлтийн үндэслэл тодорхой бус байхад дор хаяж шинжээчийг байцаагаагүй атлаа мөрдөн байцаагч, прокурор хэт их шинжээч эмчийн дүгнэлтэд хөтлөгдөж байгааг буруу хэмээн үзэж байна. Энэ алдааг шүүх л засаж, давтахгүй байхыг хүснэ. Хүний амьдрал хувь заяаны асуудалд хөнгөн хуудуу хандаж, таамаглал төдий зүйлээр дүгнэлт хийж буюу хариуцлагаас зайлсхийх гэсэн санаа бүхий Магадлагаа гэх энэ дүгнэлт биш, нотлох баримт бүр ч биш зүйлээр хууль зүйн асуудлыг авч үзэх нь өрөөсгөл. Иймд ч дагаж мөрдөж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсэгт “шүүх шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэггүй” болохыг хуульчлан заасныг онцгойлон анхаарч, яллах нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байхыг хичээнгүйлэн хүсэж байна. Нэгэнт үйл явдал болж өнгөрчээ. Бид өнгөрсөн борооны хойноос л цув нөмөрч зогссоор л. Учир нь, тэр агшин хором зуурт шүүгдэгчийн дотоод ертөнцөд юу болж өнгөрсөн гэдгийг өнөөдрийн өндөрлөгөөс шинжээч эмч яаж мэдэж – ингэж мундаг дүгнэнэ вэ? – энэ их хачирхам сонирхолтой шинжлэх ухаан аж. Миний мэддэг шинжлэх ухаанаар “хуулийг хуульчид л тайлбарлаж хэрэглэнэ”, түүнээс биш гадны хэн нэгэн зааж зөвлөөд байдаггүй.

Энэ танхим бол үнэний дуу хоолойг эрэлхийлж, цагаан дээр хараар бичсэн хуулийн текстийг амь оруулах тийм л талбар. Энэ тайзан дээр л бид текний хоёр талд баарлан бүжиглэх ёстойгоос биш хэргийн бодит байдалтай илт нийцээгүй шинжээчийн дүгнэлтээр асуудалд хандах явдал нь өрөөсгөл дүгнэлт хийхэд биднийг хүргэх нигууртай тул энэхүү аюулыг тойрч гарах арга зам нь зөвхөн эрүүгийн эрх зүйн үнэн мэдлэгт үндэслэж, эрүүгийн хуулийг зөв ойлгон хэрэглэх явдал хэмээн үзэж байна. Хохирогч “би эхнэрээ авахаар очих үед ажлын газрын бололтой нэгэн хүн … анх секс заасан багшаа орхиж явах гэж байгаа юмуу” хэмээн “Т”-д хандаж хэлсэн … энэ үг надад их хүнд туссан, тэгээд баярыг нь тэмдэглэж өгөх нэрээр архи уух үедээ эхнэрээ зодож, бэлэг эрхтэн рүү нь гараа хийчихсэн юм, энэ үед тэрээр их аймаар болж намайг түлхэж, ширээн дээр байсан хутгыг гэнэт л авч хутгалсан, миний гэм буруутай үйлдлээс ийм хэрэг болчихлоо” хэмээн мэдүүлдэг.

Үүнээс үзвэл гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл нь хохирогчийн хууль бус үйлдлээс болсон байх ба түүнд хүчээр дарлагдаж, хүндээр доромжлогдсон нь илт харагддаг бөгөөд хохирогчийн үйлдэл өөрөө гэмт хэрэг гэдгийг бид бодолцох учиртай. Олон жил ижилдэн дасаж ханилсан эр нөхөртөө ингэж хүндээр доромжлогдож байх агшинд өөрийгөө хамгаалах, өмнөх муу муухай дурсамж сэдрэх, олон жилийн зовлон шаналал мэдрэгдэх, айдас хүйдэст автах, гомдон харуусах зэрэг юу эсийг тархи оюундаа шүүгдэгч тунгаан бодсоныг бид таашгүй. Цор ганц үнэн бол “түүнд лав таатай сайхан байгаагүй” нь мэдээж бөгөөд арга буюу л ийм арга замыг сонгоход хүргэсэн хэрэг. Тиймд “Т”-г бид ялласан ч, эс ялласан ч энэ хүн энэ хэрэгтээ насан туршдаа гэмшиж, өөрөө өөрийгөө цаг ямагт яллаж амьдрах хувь тавилантай болсон гэдгийг төгсгөл болгон хэлэхийг хүснэ.

Хууль зүйн дүгнэлт: Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь эмнэлгийн бус хууль зүйн ойлголт учир шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй тул шүүх сэтгэц, гэм судлалын Магадлагааг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй. Учир юу гэвэл, “хууль хэрэглээний асуудлаар” шинжээч томилж, дүгнэлт гаргахыг хууль зүйн хувьд эрүүгийн процессын журмаар хориглодог. Хэрэг учралын бодит байдал, шүүх хуралдааны үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хамаарал, зэрэглэл, харьцаа, тэнцвэрийн хүрээнд авч үзвэл миний үйлчлүүлэгч санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас энэ хэрэг явдал гарсан бөгөөд миний үйлчлүүлэгч хохирогчид хүчээр дарлагдаж, хүндээр доромжлогдсон байх шалтгаан нөхцөл илэрч тогтоогдсон хэмээн үзэх бүрэн үндэслэлтэй. 2002 оны одоо дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд “бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах” гэсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцжээ. Энэ хуулийн 91 дүгээр зүйлд “хүнийг санаатай алах”, мөн хуулийн 93 дугаар зүйлд “санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алах” гэсэн заалтууд тусгагдсан байна. Үүнээс үзвэл, “бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах” гэсэн ерөнхий хэм хэмжээ байгаагаас биш “бусдын бие махбодод “санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ” хүнд гэмтэл санаатай учруулах” гэсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцсон гэж үзэх эрүүгийн өрсөлдөгч “тусгай” хэм хэмжээ хуульчлан заагдаагүй байх тул энэхүү үйлдлийг “гэмт хэрэг” гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл:

            а/ хохирогчийн гэм буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн /үүнд: хохирогч цохиж зодох, бэлэг эрхтэн рүү гараа хийсэн/,

б/ хохирогчийн хууль бус гэмт үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн хүчтэй цочролд хоромхон зуур автсан /цаг хугацааны хувьд үргэлжлэл богино байсан/,

в/ шүүгдэгч хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэхүйн хэвийн байдал алдагдах, биеэ барих, өөрийн үйлдлийг удирдан жолоодох ба өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдаг нь тухайн цаг үетэй, хэргийн нөхцөл байдалтай шуудаар шалтгаант холбоог үүсгэж байгаа учир гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талд хамаарах “гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэл санааны байдал буюу эмоци” гэх шинж байсан болохыг илтгэж байна.

Иймд дээрх Эрүүгийн хуулийн 91, 93, 96 дугаар зүйлүүдэд харьцуулах аргаар дүн шинжилгээ хийж, нэгтгэн судлан үзвэл “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” гэдэг нь гэмт хэргийн бие даасан нэгэн шинж болох нь харагдаж байгаа бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үедээ бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах” гэсэн үйлдлийг гэмт хэрэг гэж заагаагүй болох нь харагдана. Өөрөөр хэлбэл, хүнийг санаатай алах /91/, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж алах /93/ гэдэг шиг заалт 96 дугаар зүйлд адил үйлчлэх ёстой гэсэн логик санааг дэвшүүлж гаргалаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулсан нь үнэн. Гэхдээ энэ гэмтлийг хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ учруулсан юм. Харин 2002 оны Эрүүгийн хуульд “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үедээ бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах”-ыг хууль тогтоогч “гэмт хэрэгт тооцон заагаагүй байна, иймд шүүгдэгч “Т” нь гэм буруугүй” гэсэн хууль зүйн дүгнэлтийг өмгөөлөгчийн хувьд хийж байна.

Санал: Эрүүгийн хуульд заагаагүй бол ямар ч аюултай үйлдэл хийсэн бай гэмт хэрэгт тооцдоггүй учраас нэгэнт гэмт хэрэг гэж тооцогдоогүй буюу гэмт хэргийн нэг гол шинж болох субъектив талын бүрдэл байхгүй, казус буюу тохиолдол гэж үзэх бүрэн үндэслэлтэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг “цагаатгаж” өгөх саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Эцэст нь хэлэхэд, энэ тохиолдол эрүүгийн хуулийг хэрэглэх буюу тайлбарлахад гарч байгаа ямар нэгэн “эргэлзээ” огт биш, харин эрүүгийн эрх зүйд илэрч байгаа эрх зүйн хийдлийн хэлбэр бөгөөд гэмт хэрэгт тооцогдоогүй үйлдэл гэдгийг, мөн энэ үйлдэл нь санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх хууль зүйн ойлголт болохыг эрхэм шүүгчид нар мэргэн оюун ухаандаа сайтар тунгаан үзэхийг сонордуулснаар өмгөөллийн үгээ отголъё.

Хүнийг ял шийтгэх амархан. Гэхдээ “ялласнаас илүү цагаатгал гэж бас байдаг юм” гэдгийг сануулахын сацуу бусад орхигдсон зүйлсийг дараагийн удаад шүүмж болон тайлбарт хийх боломжийг шүүх бүрэлдэхүүн олгоно гэдэгт итгэж байна.

Эрүү энэрэл, эрдэм сүр хосолж, үнэн цагаан ямагт ялж,

хүний эрх эгнэт хангагдаж, шударга ёсон мөнхөд тогтох болтугай!

Жич: Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2011.05.25-ны өдрийн 215-р тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг “цагаатгасан”.

2019-12-05T02:48:55+00:00 December 5th, 2019|