АКАДЕМИЧ Ж.АМАРСАНАА “Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ” ХҮРТЛЭЭ

2020.01.13. Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын 2020 оны 01-р сарын 06-ны өдрийн 07 тоот захирамжаар Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, үзэл баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Ардчилсан эрх зүйт ёс”, “Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон”, “Үндсэн хуулийн эхийг баригч” зэрэг бүтээлийг туурвисан академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанааг “Чимидийн нэрэмжит шагнал”-аар шагнасан бөгөөд энэ нэр хүндтэй шагналыг хүртэж буй 6 дахь эрдэмтэн боллоо.

Шагнал гардуулах ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар, дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын Тамгын газрын удирдлагууд, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор /Ph.D/, дэд профессор П.Амаржаргал, ХЗҮХ-ийн захирал, Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг болон гавьяат хуульч Б.Чимидийн гэр бүл, үр хүүхэд, шавь нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Академич Ж.Амарсанаа:“ -Нэр хүндтэй энэхүү шагналыг хүртээсэнд гүнээ талархаж байна. Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл, УИХ-ын дарга Г.Занданшатар танаа талархаж буйгаа хэлье. Энэ танхимд хүрэлцэн ирсэн Б.Чимид багшийн гэр бүл, шавь нар, хамтран зүтгэж байсан Та бүгддээ баярлалаа. Би 1971 онд МУИС-ийн оюутан болоод анхны хичээлээ Б.Чимид багшаар заалгаж байв. Дараа нь багшийнхаа удирдлага дор, зөвлөмжөөр нь олон жил сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хийж иржээ. Сургалт, эрдэм шинжилгээ, бүтээл туурвил бүрд надад байнга зөвлөж, чиглүүлж ирсэн. Мөн төрийн болон эрдэм шинжилгээ, сургалт, олон нийтийн байгууллагад хамтран ажиллаж тэр хүний үр өгөөж, ивээл хайрыг хүртэж ирсэн. Өнөөдөр ч гэсэн бараг 50 дахь жилдээ Б.Чимид багшийнхаа ивээл, хайрыг хүртэж байгаадаа маш их баяртай байна” гэлээ.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2020-01-13T07:35:43+00:00 January 13th, 2020|