ЦАГААН САРЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ГАРЛАА

2020.02.12. Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зарлиг гаргалаа.

Монгол улсын ерөнхийлөгчийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигт:

“Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 07/05 дугаар зөвлөмжийг үндэслэн ЗАРЛИГ  болгох нь:

  1. Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосугай:

1.1. Шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн Аравдугаар зүйлийн 10.1 дэх заалтад заасан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх шийдвэр гаргах;

1.2. Олон улсын хөл хориот болон халдварт бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тархаахгүй байх, таслан зогсоох зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай журамлаж, мөрдүүлэх;

1.3. Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам, сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

1.4. Дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх.

  1. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүргээ ухамсарлан, нийтийн эрх ашгийг эрхэмлэхийг нийт ард иргэдэд уриалсугай” гэжээ.

Шинэ коронавирусын халдвар буурахгүй, дэгдэлт идэвхжиж байгаа тул эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн:

  • Гараа сайтар савандаж угаах
  • Спиртэн суурьтай гар ариутгагч – санитол хэрэглэх
  • Албан байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалт тогтмол зүүх
  • Халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах
  • Зэрлэг болон гэрийн тэжээвэр амьтанд хамгаалалтгүй ойртохгүй байх
  • Хувийн ариун цэврийг сайтар сахихыг ЭМЯ-аас анхааруулж буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Та бүхэн дээрх зааврыг ягштал мөрдсөнөөр өөрийгөө болон гэр бүл, найз нөхөд, хамт олноо коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж, өөрсдийн үнэт зүйл болсон эрүүл мэндээ хамгаалахад чухал алхам болох юм.

Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэнд 2020 оны 02-р сарын 12-ны өдөр гаргасан Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай” Засгийн газарт чиглэл болгосон зарлигийг “Өмгөөлөгч” сэтгүүл дамжуулан хүргэлээ.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

 

2020-02-12T06:31:20+00:00 February 12th, 2020|