ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЦАХИМ СИСТЕМ НЭВТЭРЛЭЭ

2020.03.18. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Өсөхбаяртай албан уулзалт хийв. Тус уулзалтад НЭХДЗШШүүхийн шүүгч Ц.Оч, Тамгын газрын дарга Д.Батсайхан, “Өмгөөлөгч” сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэг нар байлцлаа. Уулзалтын үеэр НЭХДЗШШүүхээс нэвтрүүлж буй www.livecourt.mn буюу Шүүх хуралдааны цахим системийг ашиглахад бэлэн болсон талаар ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр танилцуулж мэдээлэл өгөв.

Тус цахим систем нь 2020.03.19-ний өдрөөс эхлэн албан ёсоор ашиглалтад оруулах бөгөөд шүүх хуралдааны явц, бүрэлдэхүүн, өмгөөлөгч, хэргийн оролцогчдын мэдээллийг цахимаар харах боломжтой бөгөөд ялангуяа өмгөөлөгчдийн үйл ажиллагааг хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэдэг болсноороо онцлогтой. www.livecourt.mn цахим системд өмгөөлөгчид болон иргэд нэвтэрч орохдоо QR кодыг уншуулж болохоос гадна МЭДЭЭЛЭЛ ШИНЭЧЛЭХ товчийг дарж шүүх хуралдааны мэдээллийг байнга шинэчилж үзэх боломжтой юм.

Цаашид тус цахим системд дүүргийн шүүхүүдийг нэмж байршуулах зэргээр боловсронгуй болгохоор төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд НЭХДЗШШүүхийн Тамгын газар “Өмгөөлөгч” сэтгүүлтэй хамтран ажиллахаар болсныг дуулгая.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2020-03-18T08:06:31+00:00 March 18th, 2020|