СЭЗИС-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2020.04.10. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Санхүү эдийн засгийн их сургуулийн ректор Б.Мөнхбаяр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус арга хэмжээнд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ч.Жадамба, СЭЗИС-ийн Сургалт, оюутан хариуцсан проректор Д.Анхтуяа,   Захиргааны албаны дарга С.Батбуян, Бизнесийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Д.Оюун нар оролцов.

Санамж бичгийн хүрээнд хоёр тал боловсрол, сургалт, сурталчилгааны чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилготой бөгөөд эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг, иргэн, хуулийн этгээд, бизнесийн байгууллагуудад зориулсан хууль, эрх зүйн сургалт зохион байгуулах, хуульч, өмгөөлөгчдөд зориулсан тасралтгүй боловсролыг түгээх төрөл бүрийн арга хэмжээнүүд, түргэвчилсэн болон вакум семинар зохион байгуулах зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

Санамж бичиг байгуулснаар хуульч, өмгөөлөгчдийг эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, магистр, докторын сургалтыг өмгөөлөгчдөд зориулсан уян хатан нөхцөлөөр шийдэж, онлайн сургалтад хамрагдах боломжийг олгох, диплом олгох сургалтад оройн ангид суралцах, бямба гарагт хичээллэх, цахимаар суралцах зэрэг хэрэгцээ шаардлагад нь тохирсон зохицуулалтуудыг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

Дашрамд дуулгахад “Өмгөөлөгч” сэтгүүлийн шинэ дугаарт СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаярыг “Зочин хоймор” буланд урьсан бөгөөд дэлгэрэнгүй ярилцлагыг та бүхэн тун удахгүй хүлээн авч уншаарай.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2020-04-10T12:33:34+00:00 April 10th, 2020|