“БЭРС ПАРТНЕРС” ХХН-ИЙН ХАМТ ОЛОН АРИУТГАЛЫН БОДИС ХАНДИВЛАВ

2020.04.29. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар өмгөөллийн “Бэрс партнерс” ХХН-ийн өмгөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, нягтлан бодогч Э.Энхбат, “Өмгөөлөгч” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэг, өмгөөллийн “Бэрс партнерс” ХХН-ийн захирал Ж.Оюунболд, ахлах өмгөөлөгч Л.Цэндсүрэн, А.Энхгэрэл нар байлцав.

Уулзалтын үеэр өмгөөллийн “Бэрс партнерс” ХХН-ийн зүгээс дэлхий нийтийг хамарсан COVID-19 коронавирусийн цар тахлын үед нэн шаардлагатай ECOLAB компанийн ариутгалын бодис болон бусад бүтээгдэхүүний хамт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ажлын албанд хандивлав. Тус нөхөрлөлийн хамт олон хуулийн төв байгууллагууд болох ШШГЕГ, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд дээрх ECOLAB компанийн ариутгалын бодисыг мөн хандивласан бөгөөд ШЕЗ, УЕПГ-т хандивлахаар тус тус төлөвлөжээ. Учир нь улс орон даяар онцгой байдлын дэглэмд шилжсэн энэ хариуцлагатай цаг мөчид үйл ажиллагаа нь тасралтгүй явагдаж байгаа шүүх, прокурор, өмгөөлөх болон бусад хуулийн байгууллагуудад дэлхийн №1 ариутгалын бодис үйлдвэрлэгч ECOLAB компанийн ариутгагч бүтээгдэхүүнүүдийг өдөр тутмын цэвэрлэгээ, ариутгалд хэрэглэж, нийт иргэд болон хуульчдын эрүүл мэндэд анхаарсны үндсэн дээр энэхүү сайн үйлсийн аяныг зохион байгуулж байгаа ажээ.

ECOLAB компанийн ариутгалын бараа бүтээгдэхүүн нь АНУ-ын чанар, стандартын шаардлагыг бүрэн хангасан, хүнсний бүтээгдэхүүнтэй харьцах гадаргуу, тоног төхөөрөмж, хана, тааз шал, аяга таваг, жимс ногоо, даавуун эдлэл зэрэг бүх төрлийн гадаргууг халдваргүйжүүлэхэд хэрэглэдэг бөгөөд БНХАУ-ын Эрүүл мэндийн комиссоос коронавирусийг устгадаг болохыг баталсан батламжийг олгосныг дуулгая.

Тус бүтээгдэхүүн нь элдэв үнэр, будагч бодисгүй, гадаргууд толбо тогтоодоггүй, арьс хуурайшуулдаггүй зэрэг олон давуу талтай бөгөөд Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг АПУ, TESO, MCS, “Талх чихэр” ХХК, “Мах импекс” ХХК, KFC зэрэг томоохон байгууллага, ААН-үүд өдөр тутмын ариутгал, цэвэрлэгээндээ хэрэглэдэг ажээ. Дэлхийн брэнд болсон ECOLAB компанийн ариутгалын бүтээгдэхүүнүүдийг нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хандивласан өмгөөллийн “Бэрс партнерс” ХХН-ийн хамт олонд нийт хуульч, өмгөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2020-04-29T12:46:00+00:00 April 29th, 2020|