МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Монгол эх орны өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч буй Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид, үе үеийн ахмад өмгөөлөгчид, хамтран ажилладаг байгууллага, хамт олон, үйлчлүүлэгч нарт “Өмгөөлөгчдийн мэргэшлийн баярын өдөр”-ийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсын Их Хурлаас “Өмгөөллийн тухай хууль” батлан гаргасан нь өмгөөллийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд явуулах, өмгөөллийн эрх зүйн орчин сайжирч, хараат бусаар ажиллах, үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашгийг тууштай хангахад түүхэн ач холбогдолтой чухал үйл явдал боллоо.

Улс орондоо ардчиллыг төлөвшүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга энэрэнгүй ёсыг дээдэлж, хуулийн дархлааг нийгэмд тогтооход Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт гишүүдийн мэргэжлийн чиг үүрэг нэмэгдэж, хууль зүйн туслалцааны агуулга, ач холбогдол улам өссөөр байна. Өмгөөлөгч нь хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан нийгэмд ч хүний эрхийн манаанд тууштай зогсож өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйгээ чандлан сахиж, үлгэрлэн манлайлан ажиллана гэдэгт Монголын Өмгөөлөгчдийн Холбоо итгэж байна.

Хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль сурталчлах, олон түмэнд хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх хариуцлагатай ажилд хүчин зүтгэж буй Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт гишүүн хуульч, өмгөөлөгч та бүхний Үг нь үнэн, Үйлс нь ариун байж, хууль зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе.

Шударга үнэн ялж, энэрэнгүй үйлс дэлгэрэх болтугай.

 

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны

Ерөнхийлөгч Б.Ганбаатар

2020-09-17T01:11:56+00:00 September 17th, 2020|