Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурал амжилттай зохион байгуулагдлаа

2020.10.05. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурал 2020 оны 10-р сарын 03-ны өдөр Дотоод хэргийн их сургуулийн Хурлын танхимд амжилттай болж өнгөрлөө.

Өмгөөлөгчдийн Холбооны Их хурлыг нээж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар үг хэлсэн бөгөөд хуралд академич С.Нарангэрэл, хууль зүйн салбарын гавьяат хуульчид, ХЗДХЯ-ны удирдлагууд болон 300 орчим хуульч, өмгөөлөгчид оролцлоо. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлсэн үгэндээ: “Монгол Улсад өмгөөллийн үйл ажиллагаа 1928 оноос эхэлсэн байдаг. Улмаар УИХ-аар Өмгөөллийн тухай хуулийг 1994 онд баталж, энэ хугацаанд Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой асуудал нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалтаар зохицуулагдаж ирсэн. Харин УИХ-аас 2019 онд Өмгөөллийн тухай болон Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталснаар хууль зүйн болон практик шаардлагад үндэслэн өмгөөлөгчид тавих шаардлага, шалгуур, өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдэж, уг хуулийг илүү боловсронгуй болгосон” гэдгийг онцоллоо.

Их хурлаар Өмгөөлөгчдийн холбооны бүтэц, зохион байгуулалт,  тогтоол, дүрэм, журмын төслүүдийг хуралдаанд оролцсон 300 орчим төлөөлөгчид хэлэлцэж, журмын төсөлд саналаа өгч баталснаар Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагааны болон өмгөөлөгчийн ёс зүйн дүрэм, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Мэргэжлийн хариуцлагын хороо, Ерөнхийлөгчийг сонгох зэрэг асуудлыг шийдэв.

Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчид Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Оюу-Эрдэнэ, өмгөөллийн “Ананд Адвокатс ХХН”-ийг үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Б.Батзаяа нар нэрээ дэвшүүлсэн бөгөөд хуралдааны төгсгөлд Б.Оюу-Эрдэнэ олонхын саналаар сонгогдож, Монголын Өмгөөлөгчдийн Холбоог тэргүүлж ажиллахаар болов.

Энэ удаагийн ээлжит Өмгөөлөгчдийн Холбооны Их хурлыг ХЗДХЯ хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд амжилттай зохион байгуулж, ялангуяа төлөөлөгчдийг бүртгэх, санал өгөх, санал хураалтын дүн гаргах үйл ажиллагааг анх удаа цахимаар явуулснаараа онцлогтой. Ингэснээр Их Хурлын санал хураалтын үйл ажиллагаа илүү ил тод, шуурхай, ардчилалтай боловсронгуй болж чадсаныг дуулгая.

Шинээр томилогдсон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ танд ажлын амжилт хүсэж, хүний эрхийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж яваа мянга мянган эгэл өмгөөлөгчдийн төлөө чин сэтгэл, гүн зүтгэл гаргаж ажиллахыг хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2020-10-06T07:18:25+00:00 October 6th, 2020|