УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТ АЛБАН ТООТ ХҮРГҮҮЛЭВ

2020.11.15. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ Засгийн газрын 178 дугаар тогтоолоор улсын хэмжээнд “Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан тус тогтоолын хавсралтаар хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага болон хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтын 10 дугаарт бичигдсэн шүүх, прокурорын байгууллага дээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчдийг нэмж оруулах шаардлагатай байгаа талаар Монгол Улсын шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Я.Содбаатарт 2020.11.15-ны 01.47 минутад албан тоот хүргүүлснийг “Өмгөөлөгч” сэтгүүл дамжуулан хүргэж байна.
2020.11.14-ний өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, дэд ерөнхийлөгч М.Баасанбат, Сургалт, судалгааны менежер О.Амартүвшин нар ажиллаж, зайлшгүй явуулах ёстой албан бичгүүдийн хариуг бэлтгэж, зохих байгууллагуудад хүргүүлэх ажлыг гардан зохион байгуулж ажиллалаа. Хөл хорио тогтоосон хатуу дэглэмийн үед Монголын Өмгөөлөгчдийн Холбоо ийнхүү хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, нийтийн эрх ашгийг дээдлэх, хуульч өмгөөлөгчдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тал дээр онцгой анхаарал тавин ажиллаж байна.
Шүүх, прокурорын үйл ажиллагаанд ӨМГӨӨЛӨГЧ оролцохгүй байх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан Монгол Улсын иргэн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, эрх зүйн туслалцаа авах үндсэн эрхийг зөрчих, хууль зүйн туслалцаа авч буй иргэдийн эрх зүйн байдлыг дордуулахаар байгаа тул “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүлсэн хорио цээрийн хатуу дэглэмийн хугацаанд шүүх хуралдааныг хэрхэн зөв зохистой явуулах зохицуулалтыг хийж өгч, хамтран ажиллахыг тус албан бичигт дурджээ.
Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэнд цаг үеийн холбогдолтой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэн ажиллаж байгаа тул Засгийн газар, Улсын Онцгой Комисс, Эрүүл мэндийн яамнаас өгсөн заавар, зөвлөмжийг дор бүрнээ чандлан сахиж, өөрийгөө болон бусдын эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахыг уриалж байна.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ
2020-11-15T02:26:56+00:00 November 15th, 2020|