ӨМГӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД

2020.11.14. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газраас Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэд 2020 оны 11-р сарын 13-ны өдөр “…Өмгөөлөгчдийг шүүх хуралдаанд алсын зайнаас буюу цахимаар оролцуулах боломжоор хангаж өгөх…” тухай 345 дугаартай албан тоот ирүүлсэн билээ. Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнийн НДЗШШ-ийн Тамгын газарт хүргүүлсэн хариу албан тоотыг “Өмгөөлөгч” сэтгүүл дамжуулан хүргэж байгааг хүлээн авна уу?
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН
ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Д.БАТСАЙХАН ТАНАА
Хариу хүргүүлэх тухай
Тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 345 дугаартай “…Өмгөөлөгчдийг шүүх хуралдаанд алсын зайнаас буюу цахимаар оролцуулах боломжоор хангаж өгөх…” тухай албан бичигтэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоолын хавсралт, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1242 дугаар захирамжийн хавсралтад заасан хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтад өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдүүд багтаагүй болно. Тиймээс өмгөөлөгч бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд өөрийн байгаа газраас өөр газарт зорчих, шүүх хуралдаанд биечлэн оролцох, өмгөөллийн үйл ажиллагаа биечлэн хэрэгжүүлэх хууль зүйн боломжгүй нөхцөл байдалд орсон нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан болно гэдгийг та бүхэн маш сайн мэднэ. Өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд хуулиар олгогдоогүй тул “…Өмгөөлөгчдийг шүүх хуралдаанд алсын зайнаас буюу цахимаар оролцуулах боломжоор хангаж өгөх…” тухай таны хүсэлтийг биелүүлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Шүүхийн захиргааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т зааснаар танай тамгын газар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 6.1.7, 6.1.9, 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.11, 7.1.15, 7.1.19-т заасан бүрэн эрхийг Нийслэлийн шүүхийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллахаар хуульчилжээ.
Танай тамгын газар болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн захиргааны тухай хуулийн 7.1.15, 7.1.19-т заасан бүрэн эрхийн хүрээнд техник, технологийн хувьд өмгөөлөгч болон хэргийн оролцогч өөрийн байгаа газар (хязгаарлагдсан байр)-аас танай шүүхийн нэгдсэн сүлжээнд холбогдож, шүүх хуралдаанд цахимаар оролцох боломж бүрдүүлсэн тохиодолд бид энэ талаарх мэдээллийг нийслэлийн өмгөөлөгчид болон орон нутгийн салбар зөвлөлийн өмгөөлөгчдөд хүргэж, хамтран ажиллахад бэлэн байна.
Засгийн газар, Улсын Онцгой комиссоос тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд шүүх хуралдааныг хийх нь хэргийн оролцогч, өмгөөлөгчдийн амь нас, эрүүл мэндийг ноцтой эрсдэлд оруулахаар байгаа төдийгүй хэргийн оролцогчдын Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон “…хэргээ шүүх ажиллагаанд биечлэн оролцох…” үндсэн эрх зөрчигдөхөд хүргэхээр байгааг анхаарч үзнэ үү. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мэдэгдлийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд шүүх хурал товлохгүй, товлогдсон шүүх хуралдаануудыг цаг үеийн нөхцөл байдалтай нийцүүлэн тодорхой хугацаагаар хойшлуулах арга хэмжээ авч ажиллах тухай шийдвэр нь танай шүүхэд мөн адил хамаарна гэж үзэж байна.
Иймд танай тамгын газрын зүгээс шүүх хуралдааныг явуулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл Шүүхийн захиргааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7-д заасны дагуу Шүүхийн байрны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлсний үндсэн дээр өмгөөлөгч болон хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд цахим хэлбэрээр оролцох нөхцөл боломжоор ханган ажиллахыг мэдэгдье.
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОЮУ-ЭРДЭНЭ
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ
2020-11-15T02:22:27+00:00 November 15th, 2020|