ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТ АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛЭВ

2020.11.16. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ Хүний эрхийн үндэсний комисст хандаж, “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт шилжсэн үед өмгөөлөгчийг мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх боломжийг бүрдүүлэхэд холбогдох байгууллагуудад уламжлан дэмжлэг үзүүлж, хүний эрхийг хамгаалах тал дээр хамтран ажиллахыг хүссэн” албан бичиг хүргүүлснийг “Өмгөөлөгч” сэтгүүл дамжуулан хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТ
Хүсэлт гаргах тухай
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоолын хавсралт, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1242 дугаар захирамжийн хавсралтад заасан хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтад шүүх, прокурорын үйл ажиллагааг оруулсан боловч өмгөөллийн үйл ажиллагааг орхигдуулсан байна.
Тус тогтоолын хүрээнд шүүх, прокурорын байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулж, шүүх хуралдааныг товлон зарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахаар шүүхээс хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсээр байна.
Дээрх тогтоолын хавсралтад өмгөөллийн үйл ажиллагааг оруулаагүйн улмаас өмгөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохоор шүүх, прокурор, цагдаагийн байгууллага руу явах нь Улсын онцгой комиссоос тогтоосон хорио цээрийн дэглэмийг зөрчихөд хүргэх юм.
Шүүхээс хэргийн оролцогчдод шүүх хурлын товыг мэдэгдсэн гэх үндэслэлээр өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчих нөхцөл байдал үүсгэнэ.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос Улсын онцгой комисст хандаж, Засгийн газрын 178 дугаар тогтоолын хавсралтын 10 дугаарт бичигдсэн шүүх, прокурорын үйл ажиллагаан дээр өмгөөллийн үйл ажиллагааг нэмж оруулах хүсэлт гаргасан боловч өнөөдрийн байдлаар хариу ирүүлээгүй байна.
Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын хүрээ тэлж, өвчлөл өдрөөс өдөрт, цаг минутаар нэмэгдэж байгаа энэ үед олон хүнийг нэг дор цуглуулах, олон цагаар шүүх хуралдааныг явуулах нь халдвар тархах өндөр эрсдлийг иргэдийн дунд үүсгэж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхэд шууд халдсан үйлдэл юм.
Мөн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих ангиудад цагдан хоригдож буй яллагдагч, шүүгдэгч зэрэг хэргийн оролцогчидтой өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа өгөх, ганцаарчлан уулзах нөхцөл боломж байхгүйгээс шалтгаалан хүний эрх ноцтойгоор зөрчигдөж болзошгүй байна.
Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар “Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэргийн хугацааг 14 хоногоор сунгасан боловч өмгөөллийн үйл ажиллагааны талаар тодорхой шийдвэр гаргасангүй.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д заасан “…хууль зүйн туслалцаа авах…” иргэний үндсэн эрхийг зөрчих, энэ эрхээ эдлэх боломжийг нь олгохгүй байх, хуулиар хамгаалагдсан хүний эрхийг ноцтой зөрчиж буй үйлдэлд анхаарал хандуулж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед өмгөөлөгчийг мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх боломжийг бүрдүүлэх талаар холбогдох байгууллагуудад уламжлан дэмжлэг үзүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөхгүй байх тал дээр хамтран ажиллахыг хүсье.
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОЮУ-ЭРДЭНЭ
2020-11-16T12:45:05+00:00 November 16th, 2020|