ШЕЗ-ӨӨС УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД САНАЛ ХҮРГҮҮЛЭВ

2020.11.16. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт дараах санал хүргүүлснийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэргэдэх “Өмгөөлөгч” сэтгүүл дамжуулан хүргэж байна.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригт дараах саналыг хүргүүлэв.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон бөгөөд уг тогтоолд шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй ажиллуулахаар заажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх, түүний тамгын газруудаас Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан цар тахлын үед нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг бичгээр хүлээн авах, зай талбай багатай танхимд хэргийн олон оролцогчдыг биечлэн оролцуулж шүүх хуралдааныг явуулах нь коронавируст халдвар тархах өндөр эрсдэлийг үүсгэж байгаа тул энэ талаар нэгдсэн зөвлөмж, чиглэл авах хүсэлтийг удаа дараа ирүүлж байгаа болно.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ цаг үед Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх болон бусад эрх бүхий байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зарим ажиллагааг цахимаар явуулж болох бөгөөд эдгээр байгууллага иргэний үндсэн эрх, эрх чөлөөний баталгааг дордуулахгүйгээр өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журмыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулна” гэж заасны дагуу шүүхүүд холбогдох журмыг баталж, хэрэгжилтийг хангах шаардлага тулгарч байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25.2.1-д “тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн дотоод ажлын зохион байгуулалт, журмыг шүүхийн тамгын газартай хамтран тогтоох асуудлыг Шүүгчдийн зөвлөгөөн шийдвэрлэнэ” гэж заасан хэдий ч шүүх бүр тус тусдаа журам боловсруулж батлах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэг мөр хэрэгжүүлэхэд хүндрэл учруулахаас гадна цаашид иргэдийг шүүхээс үйлчилгээ авах талаар нэгдсэн ойлголт, мэдээллээр хангах шаардлагатай байх тул шүүхүүдийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, цар тахлын үед шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх болон шүүхийн зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх журмыг тогтоох асуудлаар нэгдсэн зөвлөмж, чиглэл гаргах зүйтэй гэж үзэж байна.
Иймд шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах үүднээс Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнүүдээр ахлуулсан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөл, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр дээрх асуудлыг судалж, зөвлөмж, чиглэл гаргах саналыг үүгээр хүргүүлж байна.
Иймд уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, холбогдох зөвлөмж, чиглэлийг боловсруулан шүүхүүдэд нэн даруй хүргүүлж, шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах нөхцөлийг хангахад дэмжлэг үзүүлэхийг Танаас хүсье.
Цаашид цар тахлын үед шүүн таслах ажиллагааг явуулах талаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хамтран ажиллах саналтай байна.
2020-11-16T10:59:22+00:00 November 16th, 2020|