ХЗДХ-ИЙН САЙД Х.НЯМБААТАР, ШШГЕГ-ЫН ДАРГА Д.ЗАГДЖАВ НАРТ АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛЭВ

2020.11.17. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон ШШГЕГ-ын дарга Д.Загджав нарт хандаж, улсын хэмжээнд “Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчиддээ Давж заалдах болон Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолтой урьдчилан танилцуулах, цагдан хоригдож буй үйлчлүүлэгчтэй өмгөөлөгч болон орчуулагчийг уулзах боломжоор хангаж, өмгөөллийн үйл ажиллагааг хэвийн явуулахад туслалцаа үзүүлэхийг хүссэн албан тоот илгээв. Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн хүлээн авна уу?
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР ТАНАА
Хүсэлт гаргах тухай
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоолын хавсралт, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1242 дугаар захирамжийн хавсралтад заасан хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтад шүүх, прокурорын үйл ажиллагааг оруулсан боловч өмгөөллийн үйл ажиллагааг орхигдуулжээ.
Өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүн таслах үйл ажиллагааг явуулах хууль зүйн боломжгүй бөгөөд ШШГЕГ-ийн харъяа 461, 409 дүгээр хорих анги болон орон нутгийн цагдан хорих байруудад хоригдож буй иргэдтэй өмгөөлөгч нь ганцаарчлан уулзах, давж заалдах, хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолтой урьдчилан танилцуулах боломжгүй болсноор өмгөөллийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулахад хүндрэл учраад байна.
Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгүүдэд “…Өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гарсасан гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ урьдчилан танилцуулсан байна…” хэмээн хуульчилсан.
Дээрх хуулийн дагуу өмгөөлөгчдөөс давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо цагдан хоригдож буй үйлчлүүлэгчдээ урьдчилан танилцуулах, хоригдож буй үйлчлүүлэгчтэйгээ орчуулагчийн хамт болон өөрийн биеэр ганцаарчлан уулзах боломжгүйгээс шалтгаалан тухайн хэрэгт хуулийн хугацаанд гомдол гаргаагүйд тооцогдох, улмаар үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах сөрөг үр дагавар үүсэхээр байна.
Иймд бүх нийтийн бэлэн байдлын үед өмгөөлөгчийг мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх боломжийг бүрдүүлэх, цагдан хоригдож буй үйлчлүүлэгчтэй өмгөөлөгч болон орчуулагчийг уулзах боломжоор хангаж, өмгөөллийн үйл ажиллагаа явуулахад туслалцаа үзүүлнэ үү.
Хувийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджав танаа
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОЮУ-ЭРДЭНЭ
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ
2020-11-17T12:33:04+00:00 November 17th, 2020|