НДЗШШҮҮХИЙН ШҮҮХ ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2021.01.14. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч нартай албан уулзалт хийв.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос 2021.01.06-ны өдөр COVID-19 коронавируст цар тахлын үед шүүх хуралдааны танхимд хэргийн оролцогчдын халдвар хамгааллын дэглэм сахих нөхцөл боломжийг бүрдүүлж хамтарч ажиллах тухай ШЕЗ, УДШ, НДЗШШүүхын Тамгын газрын даргад тус тус албан бичиг хүргүүлсэн билээ.

Тус албан бичгийн хүрээнд НДЗШШүүхэд шүүх хуралдаан явагдаж буй нөхцөл байдалтай танилцах тухай НДЗШШүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайханаас ирүүлсэн хүсэлтийн дагуу шүүх хуралдаан хэрхэн явагдаж байгаа талаар бодит нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

НДЗШШүүхээс коронавируст цар тахлын үед шүүх хуралдааныг биечлэн болон цахимаар явуулж байгаа бөгөөд шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэргийн оролцогчдын аюулгүй байдлыг хангах, халдварын эрсдэлээс хамгаалах нөхцөл боломжийг бүрдүүлж, шүүх хуралдаан явуулах 3 өрөө, хэргийн материалтай танилцах 1 өрөөг тус тус бэлтгэж, 2 цаг тутамд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа талаар НДЗШШүүхийн Тамгын газрын дарга Д.Батсайхан мэдээлэл өгсөн юм.

Шүүх хуралдааны өрөөтэй танилцах үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат цаашид тус өрөөнд байрлуулсан дэлгэцийн хэмжээг томруулж шүүх бүрэлдэхүүний харагдах байдлыг сайжруулахад анхаарч ажиллахаас гадна цахим /Zoom/-аар шүүх хуралдаанд оролцож буй өмгөөлөгчдөд техникийн саатал гаргахгүйгээр хуралд оролцох, цахим хуралд өөрийн ажлын байрнаас, албаны хувцастай оролцох тал дээр анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.

НДЗШШүүхээс нэвтрүүлсэн www.livecourt.mn Шүүх хуралдааны цахим системийг гар утасны аппликэшн болон компьютер ашиглан шүүх хуралдааны тов, хурлын дараалал, бүрэлдэхүүн, шүүх хуралдааны төлөв, хурлын тойм зэрэг мэдээллийг харах боломжтой юм.

Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн COVID-19 коронавируст цар тахлын энэ цаг үед тус цахим системийн тусламжтай шүүх хуралдааны тов, хурлын дарааллын мэдээллийг цаг алдалгүй авч, шүүх хуралдаанд хүлээлтгүй оролцож, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримталж оролцохыг зөвлөж байна.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

2021-01-14T09:49:33+00:00 January 14th, 2021|