МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

2021.02.27. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн Ээлжит хурал 2021.02.23-ны өдөр цахимаар хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Нэг. Удирдах зөвлөлөөс өмгөөлөгчдийн давхар татварын асуудалтай холбогдуулан тус асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор Гишүүнчлэлийн дэд хорооны дарга Г.Батзаяа ахлагчаар ахлуулсан ажлын хэсгийг 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, холбогдох байгууллагатай хамтран ажиллах үүргийг хүлээлгэв.

Хоёр. 2020 онд Удирдах зөвлөлөөс Өмгөөлөгчдийн Холбооны Орон нутгийн 23 салбар зөвлөлийг байгуулсан бол энэ удаагийн хурлаар өмнөх зөвлөлийн хурлаар хасагдсан Сэлэнгэ аймаг дахь Мандал сумын Өмгөөлөгчдийн зөвлөлийг Өмгөөлөгчдийн холбооны 24 дэх салбар зөвлөлөөр нэмж байгуулсныг дуулгая.

Гурав. Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батзоригтоор ахлуулсан Ажлын хэсэг Удирдах зөвлөлийн 2021 оны ээлжит хурлаар өөрсдийн боловсруулсан “Өмгөөлөгчдийн Холбооны санхүүгийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах журам”-ын төслийг хэлэлцүүлж, Удирдах зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр тус журмын төслийг батлав.

Дөрөв. Өмнөх хурлаар буцаагдаад байсан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Салбар зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ын төслийг тус хурлаар дахин хэлэлцэж, Удирдах зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр баталсныг Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэнд хүргэж байна.

Жич: Батлагдсан дүрэм журмыг ama.org.mn вэб сайтын “Дүрэм журам” хэсгээс үзнэ үү.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

 

2021-02-27T04:18:34+00:00 February 27th, 2021|