ӨМГӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД

2021.08.10. УИХ-аас 2021 оны 04-р сарын 02-ны өдөр Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан бөгөөд 2021 оны 07-р сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.
Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллана.”, 10.4-т “Хороо нь энэ хуулийн 10.2-т заасан даргаас гадна зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд энэ хуулийн 11.4-т заасан хоёр нэр дэвшигчийг шууд, бусад дөрвөн гишүүнийг ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс нэр дэвшүүлэн, нээлттэй сонсголоор сонгон шалгаруулж, Комисс батламжилна.”, 11 дүгээр зүйлийн 11.4-т “Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Хуульчдын холбоо нь тус тусын хуралдаанаараа нэр дэвшигчийг шалгаруулж Комиссын хуралдаанд санал болгоно” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбоог төлөөлөх гишүүнд нэр дэвшигчдийн материалыг 2021 оны 08-р сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл holboo@ama.org.mn и-мэйл хаягаар болон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны байранд хүлээн авна.
Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх өмгөөлөгч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
• Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үндэсний эсхүл олон улсын хэмжээнд долоогоос доошгүй жил ажилласан туршлагатай;
• Хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо, эрх зүйн хэм хэмжээний талаар мэдлэг, туршлагатай;
• Сүүлийн таван жил улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;
• Төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай албан тушаалд ажилладаггүй байх.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70126861 дугаараас лавлана уу.
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
2021-08-23T15:44:42+00:00 August 10th, 2021|