АРДЫН УРАН ЗОХИОЛЧ П.БАДАРЧИЙН “СЭТГЭЛИЙН ҮГ” ХЭМЭЭХ ӨМГӨӨЛӨГЧДӨД ЗОРИУЛСАН АЛДАРТ ШҮЛЭГ БҮТСЭН ТҮҮХИЙГ ЭРГЭН САНУУЛАХАД…

2021.09.17. Ардын уран зохиолч П.Бадарчийн “Сэтгэлийн үг” шүлэг өмгөөлөгчдийн сонорыг мялаасаар 23 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ алдарт шүлэг бол Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч асан С.Нарангэрэлийн санаачилгаар Монгол Улсын Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид зохих үнэ хөлсийг нь төлж бичүүлсэн, оюуны өмчөөр баталгаажсан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт гишүүдэд зориулсан өмгөөлөгчийн тухай магтан дуулсан шүлэг билээ.
Гэтэл энэхүү шүлгийг сүүлийн жилүүдэд ОНМХ-ээр “өмгөөлөгч” гэсэн үгийг нь “хуульч” болгон өнгийг нь хувиргаж, өөрчилж нийтлэл нэвтрүүлэг, шүлгийн мөрт олгон буруу ташаа түгээж явдагт дургүйцэж явдгаа академич С.Нарангэрэл багш нэгэнтээ өгүүлснийг дахин сануулъя.
Тийм ч учраас “ӨМГӨӨЛӨГЧ” сэтгүүлийн 2017 оны №21 /80/ дугаарын 39-40-р нүүрт энэ шүлгийн бүтсэн үүх түүхээс хуваалцсан бэсрэг нийтлэлийг уншигч та бүхэнд хүргэж байсныг дахин уламжилж байна.
Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэнд Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн “Сэтгэлийн үг” шүлгийг бүрэн эхээр нь толилуулж байна.
СЭТГЭЛИЙН ҮГ
Өршөөл эрсний сэтгэлд гал бадрааж
Өндөр их хуулийн өмнө зул өргөж
Өрөөл бусдад бол буян үйлдэж
Өөртөө бол аянга хурааж яваа
ӨМГӨӨЛӨГЧ ХҮН БИ.
Түмэн хуулийн учрыг ухах гэж
Түүнээс би үнэний учгийг сүвлэх гэж
Түгсэн оддын дунд бол сар шиг
Түймэрсэн, уймарсанд гэрэл болж яваа
БИ ӨМГӨӨЛӨГЧ ХҮН.
Алтан амины хэрэгтэн гаваа хангинуулж
Адуу малын гэмтэн гараа хэмлэж
Аль л болохгүй бүтэхгүйг өмнө минь өчиж
Аврал өршөөл эрэх нь үгүйлшгүй бэрх ээ.
Төө сөөм ихэднэ, хуруу ч алдаж болохгүй
Төөрсөн дэнсний нэг л зураас пун алт алддаг юм.
Төр, хууль, иргэн гурав ширтэлцэх цэгээс
Төвөггүй үнэнийг тунгаах элчээр намайг томилсон юм.
Уул нүүсэн тэнгэр дор хүн төрж
Хууль засагласан төр дор хүн амьдарч
Уруутай, өөдтэй орчлонгийн уудамд
Буруутай зөвтэй мөрөө гаргадаг юм.
Гэмгүйг хилсдүүлсэн хар жилүүдэд
Гэрчгүй өчиггүй буун дуу тасхийхэд
Өр цоолсон нүгэлт шөнөөр, тэд хөөрхийс
Өмгөөлөгчийг дуудаадаа гэж гол харладаг юм.
Хуулийг хумсалж, хуудууг зөвтгөх
Хуурамчийн заль надад байхгүй ээ
Хэргийг бултуулж хэцүүгээс шантрах
Хээгүй араншин надад бүр зохихгүй ээ
Улс нийгэмд маань шударга ёс, ашид тогтоосой
Уудам орчлонд хүний эрх агаар мэт байгаасай
Учирсан, золгосон бүхэн амар амгалан яваасай
Уянгын сайхан дууны аялгуу мөнх хангинаасай.
ӨӨРӨӨ БИ ӨМГӨӨЛӨГЧ ХҮН
ӨЧИГ МИНЬ ГЭВЭЛ ЭНЭ.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
2021-09-17T06:11:56+00:00 September 17th, 2021|