МЭНДЧИЛГЭЭ

Алтан гадас одонт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид, үе үеийн ахмад өмгөөлөгчид, тэдний гэр бүл, хамтран ажилладаг байгууллага, хамт олон, үйлчлүүлэгчдэд жил бүрийн 09 дүгээр сарын 17-ны өдөр уламжлал болгон тэмдэглэдэг “Өмгөөлөгчийн мэргэшлийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

93 жилийн түүхтэй Өмгөөлөх байгууллага нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нийтийн эрх зүйн хуулийн этгээд болж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэн шинэ түүхийн хуудсыг эргүүлээд багагүй хугацаа өнгөрлөө.

Дэлхий дахинд Ковид-19 коронавируст цар тахал нүүрлэсэн хүнд хэцүү үед Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хэвийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсны зэрэгцээ Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид Цахим хэлбэрээр, хуулийн хүрээнд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалан өндөр хариуцлагатай ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хуулийн хүрээнд хамгаалах, эрх зүйт төрийг төлөвшүүлэх, хууль сурталчлах, иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, олон нийтийн эрх зүйн ухамсрыг дээшлүүлэхэд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүдийн хувь нэмэр асар их.

Хүний эрхийн манаанд зогсож, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх үйлсэд ухамсарт амьдралаа зориулан ажиллаж байгаа Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт гишүүн хуульч, өмгөөлөгч та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хууль ёсыг дээдэлж, шударга үнэн ялж, энэрэнгүй үйлс дэлгэрэх болтугай!

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОЮУ-ЭРДЭНЭ

2021-09-17T05:25:47+00:00 September 17th, 2021|