Мэдээ мэдээлэл

Онлайн танхимын нээлт боллоо

Цагдан хоригдож байгаа этгээдийг шүүх хуралдаанд оролцуулах "Онлайн танхим"-ын нээлтийн арга хэмжээ 2014 оны 12-р сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461-р ангид боллоо. Уг арга хэмжээнд Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од, Б.Сарантуяа, Д.Эрдэнэчулуун болон Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч болон шүүгчид, Нийслэл, дүүргийн прокурорууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тахарын ерөнхий газрын удирдлагууд оролцлоо. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн хэн боловч хуулийн хүрээнд эрх бүхий байгууллагын хяналтанд шалгагдах ёстой боловч өөрт олгогдсон эрхээ эдлэх, тийм боломжоор хангагдах, хамгаалагдах эрхтэй билээ. Онлайн танхим нь шүүн таслах ажиллагааны үед нээлттэй, шударга, шуурхай ажиллах боломжоор хангаж өгч байгаагаараа онцлог юм. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1, 2-р шүүхийн шүүх хуралдааны танхимтай онлайнаар холбогдож, таслан сэргийлэх арга хэмжээг авах, өөрчлөхтэй холбоотой хүсэлтийг шийдвэрлэхэд хэргийн оролцогчдын оролцоог хангах, хүсэлтийг тухайн этгээдийн оролцоотой шийдвэрлэх зохицуулалтыг  хийхэд цаг хугацаа, зардал хэмнэсэн бодитой шинэчлэл болжээ. Цагдан хоригдож байгаа этгээдийн шүүх хуралдаанд зайнаас оролцож байгаа болон энэ ажиллагааг хэрэгжүүлэгч субектүүдийн үйл ажиллагаанд тухайн хэрэгт хамаарал бүхий бүх оролцогчид харилцан хяналттай ажиллах нөхцөл бүрджээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санаачлан шүүх эрх мэдлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа хүний эрхийг хангах, хамгаалахад чиглэсэн шинэчлэл цаашдаа орчин үеийн техник, технологийг бүрэн ашиглаж, бүх шатны шүүхийн шүүн таслах үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр зорьж байгаа гэнэ.

             

           

                                 

 

 

 

                                                                          

2014-12-05
ЗУРГИЙН ЦОМОГ
Нээлтийн арга хэмжээний үеэр.
МӨХ-ны ерөнхийлөгч Б.Ганбаатар онлайн танхимын үйл ажиллагаатай танилцаж байгаа нь.
буцах