Мэдээ мэдээлэл

Турк улсад хуралд оролцов

2017.11.17. Турк улсын Барын Нэгдсэн Холбооны урилгаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар 2017 оны 11-р сарын 9-11-ний өдрүүдэд Турк улсын Анкара хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн манлайлагч-Ататурк” онол практикийн хуралд оролцов. Хурлын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар хэлсэн үгэндээ: “... Мустафа Кемал Ататурк Бүгд Найрамдах Улсаа зарлан тунхагласны дараагаар улс төрийн дотоод болон гадаад бодлогод цаг үеэсээ түрүүлсэн, олон төрлийн өөрчлөлт, шинэчлэлт хэрэгжүүлсэн учир түүнийг Дэлхийн манлайлагч гэж дурсан санагалздаг билээ. Жишээ нь, 1926 онд батлагдсан “Туркийн Иргэний Хууль”-аар эмэгтэйчүүдэд ижил тэгш эрх олгосон явдал нь Түүний өнөөдрийн зарим соёл иргэншилт нийгмээс илүүтэйгээр алсыг харсан, тэгш байдлыг эрхэмлэсэн манлайлагч болохыг харуулдаг. Мустафа Кемал Ататуркын манлайлал дор явагдсан өөрчлөлт шинэчлэлтүүд дундаас хаант ёс болон шашны тэргүүнийг халж, шашныг улс төрөөс тусгаарласан, бичиг үсгийн хувьсгал, олон төрлийн эдийн засгийн шинэчлэлтүүд, шинжлэх ухааныг нэн тэргүүнд авч үзсэн болон хамгийн чухал нь дээр өгүүлсэнчлэн хуулийн өмнө хүйс үл харгалзан тэгш байдлыг хангах боломж олгосон зэрэг олон олон эерэг өөрчлөлтүүдийг бид нэрлэж чадна” гэлээ.

Онол практикийн хурлын үеэр Турк улсын Анкарагийн Барын Холбооны удирдлага, төлөөлөгчидтэй уулзаж, 2018 оны 3-р сард Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөл, Турк улсын Анкарагийн Барын Холбоо хооронд санамж бичиг байгуулан хамтын ажиллагааг эхлүүлэх талаар харилцан тохиролцжээ.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар 2017 оны 11-р сарын 12-нд Истанбул хотноо Монгол улсаас Турк улсад суугаа элчин сайд Р.Болдтой уулзалт хийжээ. Уулзалтын үед Элчин сайд Р.Болд: “Турк, Монгол улсын харилцаа сүүлийн үед эрчимтэйгээр өргөжин тэлж байна. Ялангуяа Турк улсын Засгийн газрын тэтгэлгээр их дээд сургуулиудад суралцаж байгаа суралцагчдын тоо жилээс жилд олширч, Турк улсад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийн тоо ч өсөж байгаа тоон үзүүлэлт бий. Одоогийн байдлаар Истанбулд 4.000 орчим иргэд, Анкара хотод 200 орчим монгол иргэд бүртгэлтэй. Үүнтэй холбоотойгоор манай улсын иргэдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөх, янз бүрийн байдлаар хохирох, хэрэг зөрчилд холбогдох асуудлууд гарсаар байгаа. Иргэддээ анхнаасаа зөв мэдээлэл, зөвлөгөөг өгч байх юм бол энэхүү зөрчлүүдийн тоог бууруулах, цаашид гаргахгүй байх бололцоотой” гэжээ. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд Турк улсад оршин сууж буй Монгол улсын иргэдэд хууль эрх зүйн туслалцааг үзүүлэх талаар харилцан санал бодлоо солилцсон тухай "Өмгөөлөгч" сэтгүүлд мэдээллээ.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
"Өмгөөлөгч" сэтгүүл
2017-11-17
буцах