Мэдээ мэдээлэл

МҮОНР-той хамтран ажиллах санамж бичиг байгуулав

2018.01.30. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, МҮОНР-гийн захирал Б.Баярсайхан нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулснаар МҮОНРадиогоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагаа, бодлого, гишүүн хуульч, өмгөөлөгчдийн өмгөөллийн үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд таниулах, өмгөөлөгчдийн радио хөрөг нэвтрүүлэг бэлтгэн хүргэхээр боллоо. Түүнчлэн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор хууль, эрх зүйн радио зайн сургалт явуулах, иргэдийн өдөр тутамдаа тулгардаг эрх зүйн асуудлуудаа шийдвэрлэхэд нь зөвлөгөө, туслалцаа үзүүлэх нэвтрүүлгийг бэлтгэхээр төлөвлөж байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар: “Монгол орон даяар хамгийн өргөн хүрээгээр мэдээ, мэдээлэл дамжуулдаг “Хурд” агентлагтай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Монгол улсад Өмгөөлөх байгууллага байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан бидний зүгээс иргэд, олон нийтэд зориулж, хууль, эрх зүйн чиглэлээр радио зайн сургалтыг явуулах гэж байна. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, иргэдийн нэн тэргүүнд мэдэж байх ёстой хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамж, зээлийн гэрээ зэрэг хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийг энгийн ойлгомжтой байдлаар хүргэх юм. Эхний нэвтрүүлгээрээ бид өмгөөлөх эрхээ яаж хэрэгжүүлэх вэ?, хэрхэн яаж өмгөөлөгч сонгож авах вэ?, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгчийг сонгож авбал өөрийнхөө эрхийг бүрэн хамгаалуулж чадах вэ? зэрэг асуудлуудаар ярилцана” гэв.

МҮОНР-гийн захирал Б.Баярсайхан: “Иргэд өөрийнхөө эрх, үүрэг болоод хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болж маш ихээр хохирч байна, бие биенээ ихээр хохироож байна. Хүмүүст өдөр тутамд нь хууль эрх зүйн асуудал тулгарч байдаг. Гэтэл нийт хүн амын дийлэнх нь буюу 80-90 хувь нь хууль, эрх зүйн талаар ямар ч ойлголтгүй байна. Тийм учраас бид иргэдийг мэдээллээр хангах хэрэгтэй байгаа юм. Өнөө цагт хамгийн үнэтэй зүйл бол мэдээлэл болсон байна. Тиймээс иргэдийг хууль, эрх зүйн мэдээллээр хангах ажлыг мэргэжлийн байгууллага буюу Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран зохион байгуулж байгаадаа бид их олзуурхаж байна” гэлээ.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2018-01-30
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах