Мэдээ мэдээлэл

"Өмгөөлөгч" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

2018.02.06. “Өмгөөлөгч” сэтгүүлийн шинэ дугаар болох №22 /81/ дугаарын Зочин хойморт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Ш.Баасанжав зочилж,"БНСУ-д оршин суугаа монгол иргэд хуулийн мэдлэггүйгээс болж, гэмт хэрэгт холбогдох тохиолдол их гардаг" хэмээн өөрийн санал бодлоо хуваалцсан сонирхолтой ярилцлага өгчээ.

"Өмгөөлөгч" сэтгүүлийн 2018 оны шинэ дугаарын "Ярилцлага" булангийн хүндэт зочноор Өмгөөлөх байгууллагаас төрөн гарсан 4 дэх гавьяат хуульч Цээнэнгийн Цэрэнжээ уригдаж "Аавын минь сургаал надад өмгөөлөгч болоход их нөлөөлсөн" ярилцлага нийтлэгдсэнийг эрхэм уншигч та бүхэн сонирхон шимтэн уншаарай. 

Онол, практик буланд Германы хуульч, доктор Ульрих Маннсфелдын "Өмгөөлөгчийн бие даасан байдал ба өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдал Герман болон Монголын эрх зүйн зарим үзэл санааны харьцуулсан дүгнэлт", Хууль зүйн ухааны доктор П.Амаржаргалын "Хууль батлах эрх мэдэлд тавих шүүхийн хяналт: Улс төрийн сонголтыг Үндсэн хуулиар хязгаарлах" нь зэрэг судалгааны ажлуудыг "Өмгөөлөгч" сэтгүүл энэ удаа онцолж байна.

"Өмгөөлөгч" сэтгүүлийн тогтмол булан Хөрөг найрууллын энэ удаагийн зочноор Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн өмгөөлөгч Д. Даваа оролцож, "Дундговийн Д.Даваа" хөрөг найруулал нийтлэгдсэнийг хүлээн авч уншаарай.

Өмгөөлөх байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан "Өмгөөлөгч" шүлэг, яруу найргийн уралдаан зарлагдсан бөгөөд энэ удаагийн дугаарт уралдааны удирдамжийг нийтлүүлсэн байна. Энэхүү уралдаанд оролцож, өөрийн авьяас билэг, ур чадвараа сорин уралдахыг хүсвэл уралдааны удирдамжтай танилцаарай.

Нийтийн хэвлэл захиалгад орж уншигч, захиалагчдынхаа хүрээг улам өргөжүүлсэн “Өмгөөлөгч” сэтгүүлд Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр зэрэг хуулийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилж, мэдээ мэдээлэл, онолын материалууд нийтлүүлжээ.

Хуулийн төв байгууллагуудын дунд уламжлал болгон зохиогддог Шилжин явах Цомын төлөөх "Спортын их наадам-2017" тэмцээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны баг тамирчид 3 жил дараалан түрүүлж, "Үүрд хадгалах цом"-ын эздээр тодорч, 2018 онд болох Өмгөөлөх байгууллагын 90 жилийн ойг угтаж энэхүү тэмцээнийг ахин зохион байгуулахаар болсон талаарх багц мэдээллийг Фото сурвалжлага булангаас сонирхоорой.

“Өмгөөлөгч” сэтгүүлийн 2018 оны захиалга явагдаж байна. Та бүхэн захиалан уншихыг хүсвэл:

Худалдаа хөгжлийн банк 460 018 575,

Хаан банк 503 488 8308 тоот

Сэтгүүлийн дансанд бүтэн жилд 6 дугаарын үнэ 42.000 төгрөг тушааж, сэтгүүлээ хүргүүлэн аваарай.

Утас: 70127491, 70126864, 88112045, 99768575

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
“Өмгөөлөгч” сэтгүүл

2018-02-06
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах