Мэдээ мэдээлэл

"Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг" боллоо

2018.03.04. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЗДХЯам хамтран зохион байгуулсан "Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг” 3-р сарын 3, 4-ний өдрүүдэд Хууль сахиулахын их сургуулийн хурлын танхимд амжилттай болж өнгөрлөө. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар болон Хууль зүйн байнгын хороо, ХЗДХЯам, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, УДШүүх, УЕПГазар, ЦЕГ, ТЕГ, АТГ, ШШГЕГ, ХЭҮКомисс, МХХолбоо, ХСИСургууль зэрэг нийслэл болон орон нутгийн хуулийн байгууллагуудын 350 гаруй төлөөлөгч оролцсон улсын хэмжээний томоохон хэлэлцүүлэг боллоо.

             Хэлэлцүүлгийн үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн 25 хуульч, өмгөөлөгч оролцсон бөгөөд Орхон аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Р.Цэрэнханд, Дархан-Уул аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга П.Батжаргал, Дорнод аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга З.Нямсүрэн, Дорноговь аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ж.Жаргалсайхан, Өвөрхангай аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Б.Билгүүн нар ирж оролцож, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга практикт хэрхэн хэрэгжиж буй талаар өөрсдийн санал бодол, байр суурийг илэрхийлж, ОНМХ-д ярилцлага өгсөн байна.

         Тус хэлэлцүүлэгт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Ганболд "Өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хүний эрхийг хамгаалах ажиллагаа", СБД-ийн ЭХАШШүүхийн шүүгч М.Алдар, ХУД-ийн ЭХАШШүүхийн шүүгч Ч.Ганбат нар “Анхан шатны шүүхээс эрүүгийн хууль тогтоомжийг хэрэглэх, түүнд тулгамдаж буй асуудал”, УДШүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Цогт “Шүүхээс эрүүгийн хууль тогтоомжийг хэрэглэх, түүнд тулгамдаж буй асуудал”, УЕП-ын орлогч Б.Амгаланбаатар “Прокуророос хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт”, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Оргил “Хэрэг бүртгэлтийн ажиллагаанд тулгамдаж буй асуудал”, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга И.Буян-Өлзий “Мөрдөн байцаалтын ажиллагаанд тулгамдаж буй асуудал”, ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга Г.Ууганбаяр “Тагнуулын байгууллагаас харьяалан шалгах Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахад тулгамдаж буй асуудал”, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар “Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авилгын гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахад  тулгамдаж буй асуудал”, ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү “Эрүүгийн хууль тогтоомжид заасан ял, албадлагын арга хэмжээг эдлүүлэхэд тулгамдаж буй асуудал”, ХЭҮКомиссын гишүүн П.Оюунчимэг “Эрүүгийн хууль тогтоомж дахь хүний эрхийн нөхцөл байдал”, Хууль сахиулах их сургуулийн багш, доктор Г.Гантөмөр “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.    

            Хэлэлцүүлгийн үеэр МҮОНРадиогийн "Өмгөөлөгч радио сэтгүүл” нэвтрүүлэгт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, УЕПГазрын Хяналтын прокурор Г.Оюунболд, Дорнод аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга З.Нямсүрэн, Дархан-Уул аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга П.Батжаргал нар оролцож, хэлэлцүүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч, Эрүүгийн хуулийн хэрэгжилт болон хөдөө орон нутагт тулгамдаж буй асуудал, практикт нийцэхгүй зүйл заалтуудыг хэрхэн өөрчилж болох талаар өөрсдийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлсэн юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд нийт хуулийн байгууллагын төлөөллүүдийн гаргасан саналыг үндэслэж, зөвлөмж гаргалаа.

         "Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг"-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Өмгөөлөгч" сэтгүүлээс хүлээн авч уншаарай.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

"Өмгөөлөгч" сэтгүүл

 

2018-03-05
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах