Мэдээ мэдээлэл

"Монгол улсын Үндсэн хууль" номыг баринтаглаж хэвлэжээ

2018.03.14. Хууль зүйн академи, ХЗҮХүрээлэн, "Үндсэн хууль хөгжил" сан хамтарсан "Монгол улсын Үндсэн хууль", "Нийгмийн хамгаалал" /Эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл/ гарын авлага зэрэг шинэ ном хэвлэлтээс гарлаа.

Академич Ж.Амарсанаа, Ардын багш Ш.Чоймаа нарын эрхлэн гаргасан "Монгол улсын Үндсэн хууль" номыг торгоор гадар хэсгийг нь баринтаглаж, крилл болон хуучин монгол бичгээр хөрвүүлсэн бөгөөд 1992 онд батлагдсан уг эхээр нь хэвлэснээрээ онцлогтой аж. 

Эртнээс Монголчууд эрдмийн дээд ном гэж ихэд эрхэмлэн дээдэлж, торго дурдангаар баринтаглаж, хоймроо дээдлэн ирсэн сайхан уламжлалтай ард түмэн билээ.

Нэгэнтээ их номч, Ардын уран зохиолч Тангадын Галсан бээр "Өөрсдөө даалимба хөдөс нөмөрдөг, Үр ачаа нэхийд өлгийддэг, Номыг харин торгоор баринтаглаж, бурхныхаа дээр залдаг, Монгол түмний минь заншил гайхамшиг" хэмээн дуу алдсантай нэгэн адил энгийн иргэнээс өгсүүлээд хуульч мэргэжилтэй хэн бүхэн Монгол Улсын Үндсэн Хуулиа ийнхүү хоймроо залах сайхан боломж нээгдсэнийг дуулгахад таатай байна.

Жич: "Монгол улсын Үндсэн хууль" баринтагтай номын нэг бүрийн үнэ 40.000 төгрөг бол "Нийгмийн хамгаалал" /Эрх зүйн баримт бичиг/ гарын авлага 22000 төгрөгөөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын санд худалдаалагдаж эхэллээ.

Эрхэм та бүхнийг Номын цагаан буян үргэлжид ивээж, Оюуны цаглашгүй хүч ямагт гийж байхыг хүсэж байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
"Өмгөөлөгч" сэтгүүл

2018-03-14
буцах