Мэдээ мэдээлэл

САЙН МЭДЭЭ


2018.03.14. Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Олон Улсын Барын Холбоо /ОУБХ/-нд 1995 онд гишүүнээр элссэнээс хойш байнгын, найрсаг, ажил хэрэгч хамтын ажиллагаатай байж ирсэн юм.

2017 оны 10-р сард Австрали улсын Сидней хотноо зохион байгуулагдсан ОУБХ-ны ээлжит чуулга уулзалтын залуу хуульчдад зориулсан тэтгэлэгт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 5 залуу хуульч, өмгөөлөгч хамрагдаж, мэдлэг боловсролоо дээшлүүлсэн нь ОУБХ-ны зүгээс бидэнд үзүүлсэн томоохон хэмжээний оюуны хөрөнгө оруулалт болсон билээ.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо ОУБХ-д хандан 2018 онд Итали улсын Ром хотноо зохион байгуулагдах ээлжит хуралд дахин Өмгөөлөгчдийн Холбооны залуу хуульчдыг тэтгэлгээр хамруулах боломжоор хангахыг хүссэн захидлыг илгээсэн юм.

Энэ удаад ОУБХ-ны Ази Номхон Далайн Бүсийн Форумын зүгээс 2018 оны 10-р сард Ром хотноо зохион байгуулагдах ОУБХ-ны ээлжит чуулга уулзалтад Ази тивийн залуу хуульчдад зориулсан тэтгэлгийг санал болгож, Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд захидал ирүүлснийг эрхэм хуульч өмгөөлөгч та бүхэнд дуулгахад таатай байна.
Энэхүү тэтгэлэг нь тус чуулга уулзалтад оролцох сонирхолтой ч санхүүгийн хувьд боломжгүй байгаа 35-аас доош насны залуу хуульчдад зориулагдсан хөтөлбөр юм.

ОУБХ-ны зүгээс тус тэтгэлэгт тэнцсэн залуу хуульчийн 2018 оны чуулга уулзалтын бүртгэлийн хураамж, тийзний зардал, байрлах зочид буудлын зардал зэргийг хариуцахаас гадна ОУБХ-ны 2 жилийн гишүүнчлэлийн татвар, дараа жилийн ээлжит чуулга уулзалтын хураамжаас чөлөөлөх зэрэг боломжуудаар хангах юм.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуу хуульчдын бүртгэлийн ажиллагаа 2018 оны 05-р сарын 06-ны өдөр дуусгавар болж, ОУБХ-ны Шалгалтын хороо нь тэтгэлэгт хамрагдах залуу хуульчдыг сонгон шалгаруулах юм.

Тус хуралд оролцох сонирхолтой Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, хуульч өмгөөлөгчид 2018 оны 04-р сарын 10-ны дотор бүртгүүлж, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Утас: 70127491, 99061337 /Галтаа/

Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос тавьж буй шаардлага:

-35-аас доош насны
-Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүний татварын зөрчилгүй
-Англи хэлний зохих мэдлэгтэй
-Монголын Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог
-Мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
Гадаад харилцаа
2018-03-14
буцах