Мэдээ мэдээлэл

Орон нутгийн зөвлөлийн дарга нарын зөвлөгөөн болов

2018.03.16. Монголын Өмгөөлөгчдийн Холбоо 2018.03.15-ны өдөр орон нутгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга нарын зөвлөгөөнийг “М плаза” төвд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ж.Батзоригт, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Оюунцэцэг, Д.Батсүх, Л.Шинэн, Ц.Гансүх, Б.Оюу-Эрдэнэ, Д.Цэндсүрэн, Хяналтын зөвлөлийн гишүүн М.Баасанбат, Б.Баатарсайхан болон 21 аймаг дахь салбар зөвлөлийн дарга нар оролцсон юм. Зөвлөгөөнөөр Монгол улсад Өмгөөлөх байгууллага үүсэж байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, орон нутгийн зөвлөлүүдийн үүрэг оролцооны чиглэлийг гаргаж, мэдээлэл өглөө.

            Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн шийдвэр гарч, Өмгөөлөх байгууллагын 90 жилийн ойн хүрээнд “90 өмгөөлөгчийн хөрөг найруулал” ном хэвлүүлэх, өмгөөлөх байгууллагын түүхэн зургийн цомог гаргах, урлагийн наадам зохион байгуулах, олон улсын онол, практик, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, 90 жилийн ойд зориулсан зургийн үзэсгэлэн гаргах, өмгөөлөгчийн тухай хуулийн ном гаргах, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны тугийг орон даяар аялуулах зэрэг олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Зөвлөгөөний үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 2018 оны 9-р сарын 17-ны өдөр Өмгөөлөх байгууллагын 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр албан ёсоор тогтсоныг орон нутгийн зөвлөлийн дарга нарт уламжилж, энэхүү арга хэмжээнд хамтран ажиллахаар боллоо.

Зөвлөгөөний төгсгөлд орон нутгийн Өмгөөлөгчдийн зөвлөлүүдийн 2017 оны үйл ажиллагааны тайланг дүгнэж, нэгдүгээр байрт Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл, хоёрдугаар байрт Дорнод аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл, гуравдугаар байрт Баянхонгор аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл тус тус шалгарч, мөнгөн шагналаар урамшуулсан юм.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2018-03-16
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах