Мэдээ мэдээлэл

“Гадаад орнуудын Үндсэн хуулийн эрх зүй” номын нээлт боллоо

2018.05.17. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, МУИС-ийн ХЗС-ийн зөвлөх профессор, хууль зүйн ухааны доктор, гавьяат багш Ш.Цогтоогийн“Гадаад орнуудын Үндсэн хуулийн эрх зүй: харьцуулсан судалгаа” номын нээлт 2018.05.16-ны өдөр МУИС-ийн Шинэ номын сангийн хурлын танхимд амжилттай болж өнгөрлөө. Номын нээлтийн арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх, академич С.Нарангэрэл болон хууль зүйн салбарын томоохон төлөөллүүдээс гадна эрдэмтэн судлаачид өргөнөөр оролцож, тус номын талаар өөрсдийн байр суурь, санал сэтгэгдлээ илэрхийлж, баяр хүргэсэн юм.

           Док, проф Ш.Цогтоо тус номоо их дээд сургуулийн ахисан түвшний суралцагчдад зориулж гаргасан бөгөөд сургалтын, эрхзүй судлалын, онол практикийн гурван гол асуудлыг авч үзэж, өнөө цагт гадаад орнуудад түгээмэл үйлчилж буй иргэний болон хувь хүний эрхзүйн байдлын үндсэн загвар, нийгмийн эдийн засаг, улс төрийн тогтолцоонд баримталж буй Үндсэн хуулийн шинэ зарчим, засаглалын болон төрийн байгууламжийн өвөрмөц хэлбэрүүд, шүүх, засгийн эрх барих байгууллагын хийгээд нутгийн өөрийн удирдлагын талаарх олон талт суурь мэдлэг, тэдгээрийн аргазүйн үндэслэлүүдийг багтааснаараа ихээхэн онцлогтой болжээ.

          Түүнчлэн ардчилсан нийгэм дэх эрх мэдэл хуваарилалтын онолын өвөрмөц зохицуулалтаас хамааран бүрэн эрхийнхээ хугацааг гүйцээсэн парламент дэлхий дээр тун цөөхөн байхад огт огцордоггүй, бас тардаггүй Монгол Улсын парламентийн механизм нь гайхамшигт үзэгдэл үү, гажуудалт тогтолцооны үр дүн үү гэхчилэн эл номын сэдэв бүр дээр харьцуулан үзэх, эргэцүүлэн бодох, авах гээхийн ухаанаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг тодорхой нөхцөлд тохируулан боловсронгуй болгох арга зүй болж байгаад уг бүтээлийн гол ач холбогдол оршиж байна хэмээн судлаачид дүгнэлээ.

      Уг номыг бүтээхэд МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, док, проф Д.Баярсайхан, Шинжлэх ухааны сургуулийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, док, проф Ж.Төртогтох, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, олон улсын эрхзүй судлаач, доктор М.Уянга, CГЗ, сэтгүүлч И.Рэнчинханд болоод орос, англи, франц, солонгос хэлний мэргэшсэн орчуулагчдын үнэтэй хувь нэмэр шингэснийг зохиогч номын нээлтийн үеэр онцолж байсныг “Өмгөөлөгч” сэтгүүл уламжилж байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2018-05-17
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах