Мэдээ мэдээлэл

“ӨМГӨӨЛӨГЧ-ТАНД ТУСАЛЪЯ” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2018.05.17. Монгол улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, НЗДТГ-тай хамтран “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2018 оны 05-р сарын 25-ны өдрийн Баасан гарагт 10:00-17:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

           Жил бүрийн 5-р сарын 25-ны өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч, Өмгөөллийн нөхөрлөлүүд “Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөгт өргөнөөр оролцдог бөгөөд энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцох нь Өмгөөлөгчдийн байгууллага болон өмгөөлөгчдийн хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаагийн нэг илэрхийлэл болдгоос гадна өөрсдийн явуулж буй үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах нэг томоохон ажил болдог билээ.

        Монголын Өмгөөлөгчдийн Холбоо 90 жилийн ойг тохиолдуулан тус өдөрлөгт хамгийн идэвх санаачлагатай, өндөр зохион байгуулалттай оролцож, хамгийн олон иргэнд эрх зүйн туслалцаа үзүүлсэн тус бүр 1 Өмгөөлөгч, Өмгөөллийн нөхөрлөлийг шалгаруулж, “Өмгөөлөгч” сэтгүүлийн шинэ дугаарт реклам зар сурталчилгаа, мэдээ мэдээлэл нийтлэх “Эрхийн бичиг”-ээр шагнаж, урамшуулахаар болсон тул Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхнийг өдөрлөгтөө идэвхтэй оролцохыг уриалж байна. Өдөрлөгт оролцож буй өмгөөлөгч болон Өмгөөллийн нөхөрлөлүүдийг дараах шалгуур үзүүлэлтүүдээр тус бүр шалгаруулж, шагнаж урамшуулна.

Тавигдах үндсэн шаардлага:

1.Иргэд, олон нийтэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгсөн байдал

/Нийт хичнээн иргэнд зөвлөгөө өгсөн тоо баримт/

2. Сурталчилгааны зохион байгуулалт

/Самбар, хаяг, анонс, танилцуулга, ном, сэтгүүл, гарын авлага, брошур, тараах материал гэх мэт/

3. Өдөрлөгт хамрагдсан өмгөөлөгчдийн тоо, оролцооны байдал

/Тухайлбал, 10:00-17:00 цагийн хугацаанд иргэдэд зөвлөгөө өгсөн өмгөөлөгчдийн нийт ажилласан цагийн тооцоо/

4.    Техник, хэрэгсэл ашигласан байдал

/Канон, принтер гэх зэрэг/

5. Гаднах хувцас жигдрэлт

/Малгай, цамц, футболк гэх мэт/ зэрэг эдгээр ерөнхий шалгуурыг баримтлан “Өмгөөлөгч” сэтгүүлийн зөвлөлийн гишүүд шалгаруулна.

       Өдөрлөгт оролцох Өмгөөллийн нөхөрлөл, хуульч, өмгөөлөгчид 7012-6862, 7012-7491 дугаарт холбогдож бүртгүүлнэ үү.

Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхнийг өдөрлөгтөө идэвхтэй оролцохыг уриалж байна.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

НИЙСЛЭЛИЙН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛ

2018-05-17
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах