Мэдээ мэдээлэл

ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛОВ

2018.05.25. Монгол улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “Өмгөөлөгчийн хараат бус байдал, өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллага” сэдэвт Олон улсын бага хурал Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Олон улсын бага хуралд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, ХЗДХЯ-ны Хууль зүй бодлогын газрын дарга П.Сайнзориг, ахлах мэргэжилтэн Я.Жавхлан,Гадаад харилцааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал, доктор Б.Баярсайхан, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх, гавьяат хуульч Г.Оюунцэцэг, Б.Оюу-Эрдэнэ, Ц.Гансүх, Д.Цэндсүрэн, З.Сүхбаатар, Хяналтын зөвлөлийн гишүүн М.Баасанбат, Б.Баатарсайхан, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч асан Б.Пүрэвням, Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч Р.Онончимэг, ХЗҮХүрээлэнгийн захирал С.Энхцэцэг нарын 80 орчим хуульч, өмгөөлөгчид оролцсон юм.

            Олон улсын бага хурлыг нээж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар үг хэлсэн бөгөөд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн мэндчилгээг ХЗДХЯ-ны хууль зүй бодлогын газрын дарга П.Сайнзоригуншиж танилцуулав.

           Хурлын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх "Монголын Өмгөөлөгчдийн байгууллагын түүхэн замнал, өнөөгийн байдал", доктор Д.Уянга "Европын Холбооны хүн ам цөөтэй зарим улсууд дахь Өмгөөлөгчдийн Холбоодын гишүүнчлэл, бүтэц, хараат бус байдал", Германы хуульч, өмгөөлөгч, "Фрешфильдс, Брукхауз, Дерингер" хуулийн фирмийн партнер, доктор Ульрих Маннсфельд "Өмгөөлөгчийн бие даасан байдал ба өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдал Герман болон Монголын эрх зүйн зарим үзэл санааны харьцуулсан дүгнэлт", ЯӨНХ-ны Олон улсын харилцааны хорооны гишүүн, Монгол улс дахь Японы элчин сайдын яамны зөвлөх, өмгөөлөгч Ока Хидео "Японы Өмгөөлөгчдийн Нэгдсэн Холбоо ба өмгөөлөгчдийн хараат бус байдал", Сүншил их сургуулийн хуулийн сургуулийн эрхлэгч, Сөүлийн Барын холбооны гишүүн, өмгөөлөгч, доктор У Ши Ён "БНСУ-ын Барын Холбоодын тогтолцоо" зэрэг сэдвүүдээр тус тус илтгэл тавилаа.

          Монгол улсын Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн мэндчилгээг бүрэн эхээр хүргэе. “Өмгөөллийн байгууллагын эрхэм өмгөөлөгч ажилтнууд болон тэдний гэр бүлийхэнд Монголын Өмгөөллийн байгууллагын түүхт 90 жилийн ойн баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монголын Өмгөөллийн байгууллага үүсгэн байгуулагдсан цагаас өнөөг хүртэл Монгол улсад хууль дээдлэх болон шударга ёсны зарчим хэрэгжихэд дэмжлэг үзүүлэх, хүний эрхийг хамгаалах, иргэдэд хууль зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна...

...ХЗДХЯамны зүгээс өмгөөллийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, өмгөөлөгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх, асуудалд онцгой анхаарч, холбогдох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх болно. Өмгөөллийн байгууллагын ажилтнууд хуулийг чанд баримталж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, өмгөөллийн ажил үйлчилгээг иргэд, хуулийн этгээдэд шуурхай, чанартай хүргэж, мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж ажиллана гэдэгт итгэлтэй байна.Нийгэмд шударга ёсыг тогтоон, хүний эрхийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй өмгөөллийн байгууллагын ажилтан Та бүхэнд ажлын амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн байна.

         “Өмгөөлөгчийн хараат бус байдал, өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллага” сэдэвт олон улсын бага хуралд зориулж, 10 орчим улсын Өмгөөлөгчдийн холбооноос илтгэл ирүүлсэн бөгөөд тус хэлэлцүүлэгт 4 илтгэлийг хэлэлцүүлж, харилцан санал бодлоо солилцлоо. Хурлын үеэр хэлэлцэгдээгүй илтгэлүүдийг хуралд оролцогчдод хүргүүлэхээр болсон юм.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2018-05-25
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах