Мэдээ мэдээлэл

“УРЛАГИЙН НААДАМ-2018” зохион байгуулагдав

2018.06.30. Монгол улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “УРЛАГИЙН НААДАМ-2018”  тэмцээн Монгол улсын Филармоний заалд амжилттай болж өндөрлөлөө. Урлагийн наадмыг нээж Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар үг хэлж, тэмцээнд оролцож буй нийт өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслахуудад талархал илэрхийлж, амжилт хүссэн юм.

         “УРЛАГИЙН НААДАМ-2018” тэмцээн уран уншлага, бүжиг, хөгжим, гоцлол дуу, хамтлаг дуу гэсэн 5 төрлөөр явагдсан бөгөөд Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн өмгөөлөгчдөөс гадна Орхон, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорнод, Төв, Сэлэнгэ аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн 70 орчим өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслахууд оролцож, өөрсдийн авьяас чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээний шүүгчээр МУГЖ С.Ганзориг, МУСТА Д.Ариунбаатар, МҮОНТ-ийн “Зүрхэнд мөнхөрсөн аялгуу” нэвтрүүлгийн редактор Х.Шинэ-Од нар ажиллаж, шилдгүүдийг тодруулсан юм.

           Уран уншлагын төрлийн тэргүүн байрт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэргэдэх “Өмгөөлөгч” сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэг, дэд байрт Говьсүмбэр аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч П.Наранхүү, гутгаар байрт Дорнод аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Ө.Батболд нар тус тус шалгарчээ.

           Бүжгийн төрөлд Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Р.Бямбажав “Суртай бүжиг”-ээр тэргүүн байр эзэлсэн бол дэд байрыг Төв аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгчийн туслах Ж.Наранбаатар, гутгаар байрыг Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн “Хар тас” хамтлаг тус тус эзэлсэн байна.

        Хөгжмийн төрлөөр тэргүүн байрыг 22 оноогоор Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн “Цахилгаан хөгжмийн хамтлаг” эзэлж, дэд байрыг 21,5 оноогоор Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн өмгөөлөгч Г.Ууганбаяр, гутгаар байрыг 18 оноогоор Өвөрхангай аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн хамтлаг тус тус эзэллээ.

          Гоцлол дууны төрөлд 13 оролцогч өрсөлдсөнөөс тэргүүн байрт Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн өмгөөлөгч Г.Намуун, дэд байрт Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Д.Наранхүү, гутгаар байрт “Өмгөөлөгч” сэтгүүлийн сэтгүүлч З.Өлзийдарь нар тус тус шалгарсан байна. Харин хамтлаг дууны төрлөөр тэргүүн байрт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нягтлан бодогч Ш.Эрдэнэбилэг, “Өмгөөлөгч” сэтгүүлийн сэтгүүлч З.Өлзийдарь нар “Хос орчлон” дуугаар, дэд байрт Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн хамтлаг “Хорвоод ганцхан ээждээ” дуугаар, гутгаар байрт Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн өмгөөлөгч Г.Намуун, Ц.Энхтүвшин нар “Хослон дуулъя” дуугаар тус тус шалгарч, амжилттай оролцлоо.

         “УРЛАГИЙН НААДАМ-2018” тэмцээний “Гран при” цомын эзнээр Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн хамтлаг “Дархад ардын дууны найруулга” дуугаар шалгарч, тэмцээний нийт дүнгээр Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл “ШИЛДЭГ ХАМТ ОЛОН”-оор шалгарсныг дуулгахад таатай байна.

         Монгол улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан “УРЛАГИЙН НААДАМ-2018” тэмцээнд алс холоос хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон орон нутгийн зөвлөлүүдийн хамт олон, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн гишүүн өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслахууд, хөгжөөн дэмжигчид болон тэмцээнийг зохион байгуулсан ажлын хэсгийн хамт олонд талархал илэрхийлж, та бүхнийг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан ивээх болтугай.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 

2018-07-02
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах