Мэдээ мэдээлэл

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

Төмөрхуягийн ГОМБОСҮРЭН

/1980-2018/

            Бидний мэргэжил нэгт нөхөр, хуульч, өмгөөлөгч Т.Гомбосүрэн нь Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байгаад 2018 оны 8-р сарын 9-ний өдөр зуурдаар таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.  

           Т.Гомбосүрэн нь 1980 оны 4-р сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн. Тэрбээр 1987-1997 онд ерөнхий боловсролын дунд сургууль, 1997-2001 онд “Сүлд” Хууль зүйн дээд сургууль, 2007 онд Английн Манчестерийн их сургуульд мэргэжил дээшлүүлж, 2012 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг Удирдахуйн ухааны мэргэжлээр, 2018 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг магистр зэрэгтэйгээр тус тус дүүргэсэн бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрантурт суралцаж байлаа.  

            Т.Гомбосүрэн нь ажил хөдөлмөрийн гараагаа 2001 оноос эхэлж, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хуулийн зөвлөх, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн, 2001-2003 онд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хөдөлмөр эрхлэлтийн албанд мэргэжилтэн, 2003 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч, “FEMIDA” хууль зүйн фирмийн өмгөөлөгч, 2013-2016 онд “Эм Эл Эс Партнерс” ХХН-ийн захирал, 2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яаманд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар тус тус ажиллаж байсан билээ. 

             Т.Гомбосүрэн нь зам, тээврийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, захиргааны хяналт шалгалтыг хэрэгжүүлэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулсан төдийгүй Монгол Улсын Хууль зүйн салбартөмгөөллийн мэргэжлийн бие даасан байдлыг бэхжүүлэх, Монгол улсын иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалах, шударга ёсыг тогтооход өөрийн мэргэжлийн мэдлэг ухамсарт амьдралаа зориулж ирсэн тэргүүний өмгөөлөгч байлаа.

             Түүний Хууль зүйн болон зам тээврийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж 2006 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль, 2009 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Өмгөөлөгчийн алдар” алтан медаль, 2011 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дээд шагнал “Тэргүүний өмгөөлөгч” цол тэмдэг, 2015 онд Хууль зүйн яамны “Хүндэт жуух” бичиг, 2016 онд Монгол Улсын “Тэргүүний замчин” тэмдгээр тус тус шагнагдаж байсан юм.

             Талийгаачийн улс орныхоо төлөө зүтгэсэн хөдөлмөрч, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг, дайчин, нийтэч зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Ум сайн амгалан болтугай.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөл

2018-08-13
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах