Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах “Өмгөөлөгчдийн нэгдсэн шинэ жил”-ийн баярын цэнгүүнд улиран одож буй 2022 онд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж, өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйг өндөрт өргөж, ажил үйлс, амжилт бүтээлээрээ түүчээлсэн өмгөөлөгчдийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Өргөмжлөх шагнал шилдгийн шилдэг номинацид тодруулах ёслолын арга хэмжээ болно.
Шилдгийн шилдэг номинацид “Шилдэг өмгөөлөгч” 5, “Шилдэг өмгөөллийн хуулийн этгээд” 1, “Шилдэг орон нутгийн салбар зөвлөл” 1, “Шилдэг зөвлөх өмгөөлөгч” 1, “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны шилдэг ажилтан” 1 тус тус шалгаруулна.
Тавигдах шаардлага:
1. ШИЛДЭГ ӨМГӨӨЛӨГЧ
1.1. Эрх зүйн аль нэг салбар чиглэлээр мэргэшин ажилласан байх / Эрүүгийн эрх зүй, Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүй гэх мэт/
1.2. Төлбөрийн чадваргүй иргэнд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлсэн байх;
1.3. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж ашигласан байх;
1.4. Нийгэмд шударга ёсыг тогтоох нэр хүндтэй үйл хэрэгт идэвх зүтгэлтэй ажиллаж, мэргэжлийн өндөр ур чадвар гаргасан байх;
1.5. Эрх зүйн аль нэг салбар чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлсэн, нэг сэдэвт болон хамтарсан бүтээл туурвиж, бүтээл нь мэргэжлийн ном, сэтгүүлд хэвлэгдсэн байх;
1.6. Спортын салбарт идэвх зүтгэл гаргасан байх.
2. ШИЛДЭГ ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭД
2.1. Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүй, ур чадварын хувьд хуульч, өмгөөлөгчдийг үлгэрлэн манлайлдаг байх;
2.2. Өмгөөллийн хуулийн этгээдийн нэр хүндийг өндөрт өргөсөн байх;
2.3. Шинэ залуу хуульч, өмгөөлөгчдийг мэргэшүүлж, ажлын байраар хангасан байх;
2.4. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулсан байх;
2.5. Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг дэмжин ажилласан байх.
НЭМЭЛТ ШААРДЛАГА:
– Татвар, нийгмийн даатгалын өр төлбөргүй байх.
3. ШИЛДЭГ ОРОН НУТГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
3.1. Тухай орон нутагтаа хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажил зохион байгуулсан байх;
3.2. Салбар зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчдийг тухайн жилийн үргэлжилсэн сургалтад хамруулах ажлыг зохион байгуулсан эсэх;
3.3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран иргэдэд эрх зүйн боловсрол олгох чиглэлээр ажилласан байх;
3.4. Шинэ залуу хуульч, өмгөөлөгчдийг ажлын байртай болоход нь дэмжлэг туслалцаа үзүүлсэн байх;
3.5. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны аливаа үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцсон байх /олон нийтийн арга хэмжээ, хэлэлцүүлэг, хурал, өдөрлөг, сургалт, семинар, бусад ажил/;
3.6. Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг дэмжин ажилласан байх.
4. ШИЛДЭГ ЗӨВЛӨХ ӨМГӨӨЛӨГЧ
4.1. Шинэ залуу хуульч, өмгөөлөгчдийг мэргэшин ажиллах чиглэлээр зөвлөн дэмжсэн байх;
4.2. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох үйл хэрэгт өмгөөлөгчдөд үлгэр дуурайл, манлайлал үзүүлсэн байх;
4.3. Шинэ залуу хуульч, өмгөөлөгчдөд өөрийн мэдлэг, туршлага, ур чадварыг эзэмшүүлж, өвлүүлэх чиглэлээр ажилласан байх.
5. МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН
5.1. Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд тогтвор суурьшилтай ажилласан байх;
5.2. Сахилгын зөрчил хүлээж байгаагүй байх;
5.3. Хөдөлмөрийн гэрээний дагуу үүргээ хүлээсэн байх;
5.4. Идэвх зүтгэлтэй, санал санаачилгатай ажилласан байх;
5.5. Хамт олны дунд нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн байх.
ШАГНАЛЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА:
2022 оны 12-р сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл Монголын Өмгөөлөгчдийн Холбооны байранд хүлээн авна. Холбоо барих утас: 70126861, 89115361 /С.Уранжаргал/