Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтав

2021.03.31-ний өдрийн УИХ-ын ХЗБХ-ны хуралдаанаар ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Шүүхийн тухай хуулийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу Ажлын хэсэг нь УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, ХЭҮК, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын хуульчдын холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүнийг Байнгын хорооны хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явууллаа.
Санал хураалтаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж, ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, ХЗДХЯ-ны ТНБДарга Б.Баасандорж, Ерөнхийлөгчийн ТГ-ын дэд дарга Б.Саруул, МУИС-ийн ХЗС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, “Шихихутуг” их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Г.Амаржаргалан нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батлав. Харин нэр дэвшигч МХХ-ны ерөнхийлөгч Б.Өнөмөнхийг дэмжээгүй бөгөөд “Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналыг аваагүй бол санал болгох эрх бүхий байгууллага ажлын хоёр өдрийн дотор өөр хүний нэрийг ажлын хэсэгт оруулахаар Байнгын хороонд ирүүлнэ” гэж “ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу МХХ-оос ажлын хэсгийн гишүүнд санал болгох төлөөллийг Байнгын хороонд дахин ирүүлэхийг үүрэг болгосон байна. Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталсныг Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
2021-03-31T11:43:51+00:00 March 31st, 2021|