ШЕЗ, УДШ-Д ХАНДАЖ АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛЭВ

2021.05.01. Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос 2021.04.29-ний өдөр ШЕЗ, УДШ-д хандаж албан бичиг хүргүүлэв.

Тус албан бичигт өмгөөлөгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, бүх шатны шүүхийн үйл ажиллагаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, иргэн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох, бүх дүүргийн цагдаагийн хэлтсүүд болон УМБГ, ТЕГ, АТГ-ын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх газарт очих, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг анхан шатны 13 шүүх, давж заалдах шатны 3 шүүх, Улсын дээд шүүхийн шүүх хуралдаануудад оролцох, Цагдан хорих 461-р анги, хорих 409-р ангид очиж үйлчлүүлэгчтэйгээ уулзах зэргээр өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулдаг.

Гэтэл “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжиж, хатуу хөл хорио тогтоосон 14 хоногийн хугацаанд өмгөөлөгчдөд замын хөдөлгөөнд зорчих QR код олгох ажиллагаа зогссоноос шалтгаалж, Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх зөрчигдөж, өмгөөллийн хэвийн үйл ажиллагаа тасалдаж байгааг дурдаад ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр, УДШ-ийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр нарт хандаж, өмгөөллийн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах үйл ажиллагааг хангах талаар хамтран ажиллахыг хүсэв.

Тус албан бичгийн хүрээнд 2021.04.30-ны өдөр ШЕЗ-өөс УОК-ын ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хандаж, өмгөөлөгчдөд QR код бүхий зөвшөөрөл олгож, дэмжиж ажиллах тухай албан бичиг илгээсэн байна.

Мөн УДШ-ийн Тамгын газраас тус албан бичгийн дагуу НОК-ын холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийхээр болжээ.

2021.04.26-ны өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос ХЭҮК-т хүргүүлсэн албан бичгийн дагуу хорих ангиуд руу явах зайлшгүй шалтгаантай өмгөөлөгчид УОК-ын ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэхийг Улсын онцгой комиссоос хариу мэдэгдсэн байна.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

2021-05-01T04:04:48+00:00 May 1st, 2021|