ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

2021.05.19-ний өдөр Засгийн газраас 2021 оны 05-р сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн ХЭЗБТ хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.
УИХ-аас 2019 оны 10-р сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, 2021 оны 01-р сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нийцүүлэн ХЭЗБТ хуулийн шинэчилсэн найруулгын 7 бүлэг, 41 зүйлтэй төслийг боловсруулжээ.
Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах, хуульчид тавигдах нийтлэг шаардлагыг тодорхойлох, хуульч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, хуульчийн үргэлжилсэн сургалт болон эдгээр үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх Хуульчдын холбооны эрх зүйн байдлыг дараах байдлаар тогтоохоор тусгажээ.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа ХЭЗБТ хуульд зөвхөн шүүгч, прокурор, өмгөөлөгчийг хуульчаар ажилласанд тооцох зохицуулалттай байсныг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэн өргөжүүлж, шүүгчийн туслах, нотариатч, төрийн байгууллага, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, хуулийн этгээдэд ажиллаж байгаа хуульчийг хуульчаар ажилласанд тооцохоор нэмжээ. Харин төрийн байгууллага, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, хуулийн этгээдэд ажиллаж байгаа хуульчийн албан тушаалын жагсаалтыг Хуульчдын холбооны удирдах зөвлөл батална. Мөн эрх зүйч мэргэжилтэй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр ажилласан болон ажиллаж байгаа хүн өөрөө хүсэлт гаргаж, Хуульчдын холбоонд бүртгүүлснээр хуульчийн зөвшөөрлийг олгосонд тооцох зохицуулалтыг бий болгох нь зүйтэй хэмээн төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, хууль зүйн өндөр мэргэшилтэй байх, энэ чиглэлээр тодорхой хугацаанд ажилласан байх болон бусад шаардлага, шалгуурыг тус тусын хуулиар тусгайлан тавьсан тул уг албан тушаалд ажилласан болон ажиллаж байгаа эдгээр тодорхой тооны этгээдэд хуульчийн зөвшөөрлийг олгох боломжтой гэж үзэв.
Хуульч бэлтгэх үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор хууль зүйн сургуулийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг байх, хууль зүйн сургуулийн үндсэн ангиар эрх зүйч бэлтгэхэд бакалаврын зэрэг олгох, харин эчнээ, оройн ангиар эрх зүйч бэлтгэхэд дипломын зэрэг олгохоор төсөлд тусгасан гэв. Цаашид Засгийн газраас эдийн засаг, бизнесийн чиглэлээр хуульчийг түлхүү бэлтгэх зорилгоор хууль зүйн сургуульд суралцагч нь эрх зүйн мэргэжлээр суралцаж төгсөхдөө нийт судалсан хичээлийн 30-аас доошгүй хувь нь хувийн эрх зүйн чиглэлээрх хичээл байх зохицуулалтыг шинээр тусгасан гэлээ. Мөн хуульчийн үргэлжилсэн сургалтыг Хуульчдын холбоо нь бусад холбоо, танхимтай хамтран зохион байгуулах талаар тусгажээ. Ингэхдээ хуульч нь нийт багц цагийн тодорхой хувийг Хуульчдын холбооноос зохион байгуулсан сургалтад хамрагддаг байхаар тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцуулав.
Хуулийн төсөлд тусгасны дагуу хуульч бүр Хуульчдын холбооны гишүүн байх, шүүгчээр томилогдсон хуульч нь Хуульчдын холбооны гишүүнчлэлээс хүсэлтээрээ түдгэлзэж болох зохицуулалтыг төсөлд тусгасан. Хуульчдын холбоо нь хараат бус, бие даасан байх бөгөөд Их Хурал, Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Хяналтын хороо, ажлын алба, хуульчийн шалгалт, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах болон эрх зүйч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн чиг үүргийг хэрэгжүүлэх нэгжтэй байх, харин хууль, дүрэмд нийцүүлэн холбогдох нэгж, хороодыг байгуулан ажиллуулна. Хуульчдын холбооны Их Хурлын гишүүдийн тоог шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч болон бусад хуульчдын төлөөлөл тус бүр 40 буюу нийт 200 төлөөлөгчтэй байх бөгөөд шүүгч, прокурор болон бусад хуульчдын төлөөллийг Хуульчдын холбоо, харин өмгөөлөгч, нотариатчийн төлөөллийг Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын нотариатчдын танхим хариуцан сонгон шалгаруулна.
Хуульчдын холбооны Удирдах зөвлөл нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч болон бусад хуульчдын төлөөлөл бүхий 25 гишүүний, Хяналтын хороо нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдийг Их Хурлаас сонгох бөгөөд Удирдах эөвлөлийн болон Хяналтын хорооний гишүүнд нэр дэвшүүлэх журмыг Хуульчдын холбооны дүрмээр зохицуулахаар тусгалаа.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Хуульчдын холбооны Их Хурал хоёр жил тутамд хуралдах, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа мөн хоёр жил, Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацааг гурван жилээр тус тус тогтоосон нь холбооны бодлого, журмын хэрэгжилт үр нөлөөтэй, тогтвортой, уялдаа холбоотой хэрэгжих боломж муу, гишүүдийн cap тутам төлдөг хураамж дээр үндэслэдэг холбооны хөрөнгийг үргүй зарцуулах нөхцөлийг бий болгож байсныг өөрчилж, Хуульчдын холбооны Их Хурал, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг тус бүр дөрвөн жил байхаар тусгасан байна.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2021-05-20T09:55:29+00:00 May 20th, 2021|