“ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЛЭЭ” ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

2012.05.18-ны өдөр ХЭҮК, ДХИС, “Суурийн Жанцан” сангаас хамтран зохион байгуулсан “Цар тахлын үеийн эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ” сэдэвт цахим хэлэлцүүлэгт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Л.Данзанноров, О.Сайнгэрэл нар оролцов. Хэлэлцүүлэгт ХЭҮК, Шүүх, Прокурор, ЦЕГ, ШШГЕГ, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын хуульчдын холбоо, Монголын криминологчидын холбоо болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцож, цар тахлын үед хүний эрхийн зөрчил, тулгамдсан асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал солилцов.
Хэлэлцүүлэгт оролцсон байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын зүгээс:
– Зорилтот бүлгийн хүмүүст өршөөл үзүүлэх, ялыг өөрчлөх нөхцөлийг судлах;
– Цар тахлын үед эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хууль зүйн туслалцаа авах эрхийг ямар ч тохиолдолд хязгаарлахгүй байх, өмгөөлөгчийг үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлөөр хангах;
– Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг тусгай журмаар явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
– Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, гэрч, хохирогч хамгааллын эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
– Тэнсэх, хугацаанаас өмнө хорих ялаас суллах журмыг цар тахлын нөхцөл байдалд нийцүүлэн цахимаар зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
– Хорих ангид байгаа хүмүүсийн эрхийг онцгойлон анхаарч, ялангуяа халдвараас урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх;
– Мөрдөх болон шүүх байгууллагын албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ шуурхай авах, даатгалын нөхөн төлбөрийг олгох тухай холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах;
– Шүүхэд цахимаар гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, хариу мэдэгдэх ажлыг шуурхай, ил тод болгох зэрэг саналуудыг онцолсон байна.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
2021-05-20T09:45:46+00:00 May 20th, 2021|